dobu.mndobu

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Анх зохиогдоод л нэгэн гэр бүлийг эвлэрүүлсэн “Гэргий ээж” дуу

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Анх зохиогдоод л нэгэн гэр бүлийг эвлэрүүлсэн “Гэргий ээж” дуу

Хүмүүний нандин, гэгээн сэтгэлийн бэлгэдэл бол мэдээж хайр сэтгэл. Хайр сэтгэл болоод нэгнээ хүндэтгэн халамжлахын халуун сэтгэл дээр л хорвоо оршин тогтдог болов уу. Чухам тэрхүү хайр, хүндлэл, ухаарлын хамгийн үнэн илэрхийлэл нь дуу байдаг. Амандаа аялж, зүрхэндээ шингээж сонсдог олон ч сайхан уран бүтээл бидний цаг үед бий болсон. 
Бид энэ удаад та бидний дурсамжийн аль нэг хэсэгт оршсоор байдаг гайхалтай дуунуудын бий болсон түүхийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Эхний бичвэртээ Д.Ёндонравцагийн үг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу “Гэргий ээж” дууг онцолж байна. 

“Айл нь зүүдэнд уяатай хонодог
Арван тавны саран минь дээ” 
... “Гэрийг минь гийгүүлсэн 
Гэргий минь ээж минь юм аа хө”
хэмээх дууг мэдэхгүй хүн ховор. Хоёр мөрт багтаан бичсэнийг унших нэг өөр, харин хайрт гэргийгээ арван тавны саран мэт сэтгэлдээ тусган биширч байгааг аялгуу болгон дуулна гэдэг гайхалтай. Тэгээд ч болоогүй гэргийгээ ээжтэйгээ адилтган хүндэтгэх, хайрлах, энэрэх эр хүний нэг тийм хүүхэд шиг цагаахан сэтгэл ч энэ аялгуунд шингэсэн байдаг. 


Монголчуудын дунд хит болж, зуун дамжин дуулагдсан дуунуудын тухай МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний гэргий МУСТА, яруу найрагч, их эмч Ж.Ганчимэг нарын хамтран гаргасан “Айсуй” хэмээх ном бий. Эл номд өгүүлсэн “Гэргий ээж”  дуу төрсөн түүхээс хэсэгчлэн авч та бүхэнд хүргэж байна.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Айсуй” номдоо өгүүлэхдээ, 


"Гэргий ээж” дуу 1994 оны бүтээл. Би БНХАУ-ын Бээжин хотод хөгжмийн сургуульд сурч байгаад дөрөвдүгээр курстээ дадлага хийхээр Монголд ирсэн юм. "Уурхайчин” гэж Эрдэнэт хотын соёлын ордонд хөгжмийн зохиолчоор дадлага хийх завшаан надад тохиосон. Тэр үед Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-ийн 15 жилийн ой болж, 1000 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт найруулах үүрэг надад оногдсон л доо. Тоглолтоо найруулж байхад Б.Ёндонравцаг гэж сэтгүүлч надтай уулзахаар ирлээ.
Миний хэд хэдэн дуу өмнө нь гарчихсан болохоор намайг мэдэж байж л дээ. Мань хүн “Ах нь сэтгүүлч хүн. Гэртээ очилгүй долоо хоночихлоо. Гэргийдээ нэг дуу зохиохгүй бол гэртээ орж чаддаггүй ээ” гэснээр бид гэр лүү нь явах замдаа үндсэндээ энэ дуугаа хийчихсэн юм. Ер нь дуу төрж магадгүй гээд гитар тоглодог, белаз машины жолооч Энхтогтохыг дагуулаад явлаа. Ингээд Энхтогтох маань дуугаа сурч аваад гэрийнх нь гадаа 10 минут орчим дуулж зогслоо доо. Ашгүй эхнэр нь гэртээ оруулсан. "Гэргий ээж" дуу ийнхүү нэг айлыг эвлэрүүлсэн түүхтэй. Анх Энхтогтох дуулж, ард түмэнд хүргэсэн. Тэр нь радиогийн фондод бий. Харин хожим МУСТА, жүжигчин Ц.Энхтайван албан ёсоор зөвшөөрөл авч, "Хоймор өнжих нар" олон ангит киноны дуу болгож дуулсныг хүмүүс сайн мэдэх болов уу. Ц.Энхтайван энэ дууны зөвшөөрлийг авах гэтэл эзэн нь мэдэгдэхгүй байсан гэсэн. Би тухайн үед Хятадад (Бээжинд) байж таарч. Ингээд СГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг гуайгаас сураглахад "Ц.Чинзориг бичсэн байх магадлалтай. Нэг бол Н.Жанцанноров байж мэднэ. Эсвэл Б.Шарав магадгүй. Үгүй бол Б.Магсаржав л байх” гэж чиг гаргаж өгсөн юм билээ. Тэгээд л намайг эрсэн гэдэг. Сурагласаар байгаад албан ёсоор зөвшөөрөл авсаан, манай Ц.Энхтайван” хэмээн дурсжээ. 

Дашрамд дурдахад, эл дуу болон бусад олон уран бүтээлийн бий болсон түүхийг сонирхохыг хүсвэл “Айсуй” хэмээх номыг худалдан авах боломжтой. 

ГЭРГИЙ ЭЭЖ 
Ааль нь зүүднээс уяатай хонодог 
Арван тавны саран минь дээ 
Аавын гэрээс анхлан дуудсан
 Алагхан зүрхний соронзон минь дээ хө

 
Дахилт: Гэрийг минь гийгүүлсэн
 Гэргий минь ээж минь юмаа хө 
Нартад намайг л гэсээр яваа 
Насны ганцхан хань минь дээ хө 


Сэтгэл нь цайнаас амтагдаад байдаг 
Итгэлийн гэрэлт наран минь дээ 
Алдаж оноход минь адилхан зовдог 
Амьсгал нэгэн бие минь ээ хө 


Дахилт: Гэрийг минь гийгүүлсэн 
Гэргий минь ээж минь юмаа хө 
Нартад намайг л гэсээр яваа 
Насны ганцхан хань минь дээ хө 


Үндэс үрийг минь ургуулж өгсөн 
Үнэнч ариухан гэргий минь дээ 
Уудам орчлонгоос буцахын цагт минь 
Уйлсаар үлдэх хөөрхий минь дээ хө

 
Дахилт: Гэрийг минь гийгүүлсэн 
Гэргий минь ээж минь юмаа хө 
Нартад намайг л гэсээр яваа 
Насны ганцхан хань минь дээ хө 

1994 он

Хуваалцах:

|
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

5 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.