0

Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 24-нөөс хойш улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өнгөрсөн оноос эхэлсэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үзэх боломж бүрджээ.
Дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээнд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт болон лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.
Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлжээ.
Энэхүү үр дүн нь Засгийн газар, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, боловсролын байгууллагууд болон иргэдийн хамтын хүчин чармайлтын үр дүн болохыг Эрүүл мэндийн сайд онцолсон байна.
Гэсэн хэдий ч улаанбурхан болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад халдварт өвчнөөс хүүхэд бүрийг хамгаалах ажил цаашид ч үргэлжлэх шаардлагатайг анхаарууллаа.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ вакциныг үндэсний товлолын дагуу хугацаанд нь хийлгэж, дархлаажуулалтаас хоцорсон бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн вакцинжуулалтад хамруулахыг зөвлөж байна.
Өнөөдрийн хүрсэн үр дүнг хадгалж, улаанбурхан өвчний дахин дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.