dobu.mndobu

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн марафоныг эхлүүллээ

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн марафоныг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний албан тушаалаа өгөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Түүний хувьд өмнө нь УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Тэгвэл энэ удаа Төрийн тэргүүний сэнтийгээс буухаар болсноо зарлав. 

Учир нь түүний “хуурай дүү” нарын нэг болох Хотын дарга асан Х.Нямбаатар түүнийг “Бодь” группээс 25 сая ам.доллар хувьдаа авсан авлигын хэрэгт буруутгасан юм. Түүнчлэн түүнийг ХОМ-д мэдүүлээгүй их хэмжээний хөрөнгөө тайлбарлах ёстой хэмээн мэдэгдэж байлаа. 

Өнгөрөгч даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардаж, импичмент үзүүлнэ хэмээн мэдэгдээд байлаа. 

Тэгвэл өчигдөр Төрийн тэргүүн албан ёсоор мэдэгдэл хийж, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулан нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдлээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Тэрэлжид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон нэр бүхий улс төрчид уулзсан талаар мэдээлэл хөвөрсөн. Тэрэлжид яригдсан яриа, гарц шийдэл нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас буух дээр тохирсон байна. 

Монголын улс төрд ийнхүү шинэ өрөг эхэллээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зун биш ирэх хаврын эхэн сард болохоор болж байгаа юм. Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр дөрвөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Тэр болтол УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр болж байна. 

Тиймээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд нэр дурдагдаад буй Г.Занданшатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Амарсайхан, Д.Сумъяабазар тэргүүтэй улстөрчдийн хувьд бүгдэд нь цоо шинэ боломж албан ёсоор нээгдэж байгаа юм. 

Тэгвэл ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хүн тодорсон. Гэхдээ эх сурвалжийн хэмжээнд машид нууцлан намын удирдлагын түвшинд цөөн хүн мэдэж байгаа гэх мэдээлэл байна. Дээр дурдсан хүмүүсийн аль нэгийг нь тохирсон байх магадлал маш өндөр. Тиймээс дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойж байгаа нь тун удахгүй бидэнд ил болох биз ээ. 

Тэгвэл нөгөө талд нь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН намынхан мөн сонгуульд өрсөлдөнө. Мэдээж олны анхаарал Ардчилсан нам дээр төвлөрч байна. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат нар илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар үргэлж сонгуульд бэлэн байдаг гэдгээ ч хэлж амжаад байна. Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлээгүй ч тус намын дарга О.Цогтгэрэл сунгаанд өөрийгөө сойж байгаа талаар намынхан нь яриад эхэлсэн. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг нэр дэвших магадлалтай хүнээр нэрлэж байгаа юм. Сөрөг хүчний нэр дэвшигч энэ хэдээс тодрох байх. Гэхдээ Н.Алтанхуягийн хувьд Хөгжлийн банкны хэргээр хэдэн жил ээрүүлж яваа. Л.Гантөмөр 2024 оны сонгуульд МАН-д ялалтаа бэлэглэсэн гэх ялд унасан бол О.Цогтгэрэл намаа удирдаж чадахгүй байгаа тул огцрох ёстой хэмээн намын зарим нөхөд нь үзэж буй юм. 

Нам тайван явсан улс төрийг ямартай ч У.Хүрэлсүх хөдөлгөж, марафонд ороцогчдыг идэвхжүүлэв. Төрийн тэргүүний сэнтийгээс буух У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчөөс буусныхаа маргааш намын батлахаа сэргээн авах болно хэмээн намын зарим нөхөддөө ярьсан байдаг. Тиймээс түүний улс төрд хэрхэн эргэж ирэх, хэнээр дамжуулан өөрийн залгамжийг Төрийн тэргүүн болгох зэрэг маш олон бодлого хариулт нэхэж эхэллээ. 

Харин олон түмэн Х.Нямбаатар хэзээ ирж хуулийн байгууллагад шалгуулан үнэн, худлаа дэнслүүлэхийг хүлээж байна. У.Хүрэлсүх огцорсны маргааш эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн тэрбээр одоогоор Канадын Ванкувер хотод кофе шопын гадаа зутруухан сууж буй зураг ил болсон. Одоо ирж хэргээ шалгуулж, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар хоёрын хэн нь худалч вэ гэдгийг ард түмэн харахаар зэхэж байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.