dobu.mndobu

Африк тивд Монголоороо бахархлаа

Африк тивд Монголоороо бахархлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI Мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх соёл, өв уламжлал, монгол хүний үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх үндэсний тэмдэглэлт өдрийг Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, эзэн богд Чингис хаан Тэмүүжний мэндэлсэн өдөртэй холбон тэмдэглэх болсон ач холбогдлыг бие бүрэлдэхүүндээ таниулан, тэдний түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор 11 дүгээр сарын 10-ны өдөр Хубилай баазад зохион байгуулсан юм.

Энэ үеэр Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Г.Чанцал “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх үндэслэл, Их эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын товч түүх, Монгол Улсын бахархал, үндэсний өв соёл, үнэт зүйлсийн талаар танин мэдэхүйн лекц уншиж, цэргийн багийнхаа Олон улс, Монгол Улсад болон Зэвсэгт хүчинд алдар нэрээ дуурсгасан бахдам гавьяатай энхийг сахиулагчдаа хамт олондоо алдаршуулан танилцуулж, тэднээр бахархлаа.  

Мөн Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонт “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиолч АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфорд (Jack Weatherford)-ын МҮОНТ-д өгсөн ярилцлагыг үзүүлж, соёл хүмүүжлийн офицер ахмад Э.Ганбаяр Их эзэн богд Чингис хааны төрийн бодлого, үйл хэргийг илтгэн харуулсан захидал (Чан Чун Бумбад бичсэн захидал)-ыг цэргийн багийн бүрэлдэхүүндээ уншиж мэндчиллээ.  

Арга хэмжээний төгсгөлд Монголын түүхтэй холбоотой асуулт хариултын тэмцээн явуулахад ахлагч Б.Бат-Эрдэнэ, дэд ахлагч Г.Үүрцайх нар шалгарч хамт олноо тэргүүллээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.