dobu.mndobu

Ш.Алтантуяа агсаны хэргийг шударгаар тогтоохыг шаардсан олон улсын өргөдөлд 86,536 хүн гарын үсэг зуржээ

Ш.Алтантуяа агсаны хэргийг шударгаар тогтоохыг шаардсан олон улсын өргөдөлд 86,536  хүн гарын үсэг зуржээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шударга ёсыг тогтоох, түүний нэр төрийг хамгаалах зорилготой “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 86,536 хүн гарын үсэг зурж, дэмжлэгээ илэрхийлээд байна.

Уг санаачилгыг хэрэг гарснаас хойш 20 жилийн дараа олон улсын хэмжээнд дэмжлэг авах, Малайзын талд шаардлага хүргүүлэх зорилгоор эхлүүлсэн юм. Энэ хүрээнд улстөрч Г.Занданшатар хэд хоногийн өмнө Малайзын нийслэл Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, “Dignity for Altantuya” нэртэй цахим гарын үсэг цуглуулах ажлыг санаачилсан билээ.

Үүнтэй холбогдуулан хохирогчийн аав С.Шаарийбуу олон нийтэд хандаж, Малайзын Холбооны шүүхэд гаргасан давж заалдах өргөдлийг нь дэмжиж, цахим гарын үсэг зурахыг хүсжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Би ийм их баримтыг баталгаажуулж, Малайзын Холбооны шүүхэд давах өргөдөл гаргасан. Түүнийхээ төлөө та бүгдээс гарын үсэг хүсэж байгааг минь ойлгоорой. Та бүхэн олонд түгээж, харсан бүхэн сайхан сэтгэлийн гараа сунгаарай. Та бүхний гарын үсэг маш үнэтэй” хэмээн бичсэн байна.

Ийнхүү цахим өргөдөлд 86 мянга гаруй хүн нэгдээд байгаа бөгөөд олон нийтийг уг санаачилгыг дэмжиж, гарын үсгээ зурж, бусдад түгээхийг уриалж байна.

Цахим өргөдөлд нэгдэх: https://c.org/mPw5qkjwhz

Эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэг 2006 онд Малайз улсад гарсан. Түүний цогцос 2006 оны аравдугаар сарын 19-нд Куала Лумпур хотын ойролцоох ойгоос олдсон бөгөөд түүнийг буудан хөнөөж, цогцсыг нь С4 төрлийн тэсрэх бодис ашиглан устгасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон юм.

Түүнээс хойш С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг тогтоож, шударга ёсыг тогтоолгохын төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.