0

2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа.
Засгийн газрын өнөөдрийн (2026.11.18) хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэж, тариаланчид агротехнологийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай хэрэгжүүлсний үр дүнд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хураан авлаа” гэж хэллээ.
Засгийн газраас “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хэрэгжүүлэх, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлжээ. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1,245 иргэн, аж ахуйн нэгжид дизель түлшийг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр нийлүүлжээ.
Ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.
Хуваалцах:
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
12 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.