dobu.mndobu

“Dignity for Altantuya” цахим өргөдөлд 106 мянга гаруй хүн гарын үсэг зурж, НҮБ-д хандах боломжтой боллоо

“Dignity for Altantuya” цахим өргөдөлд 106 мянга гаруй хүн гарын үсэг зурж, НҮБ-д хандах боломжтой боллоо

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг тогтоож, шударга ёсыг шаардах зорилготой “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 106,897 хүн гарын үсэг зурж, дэмжлэгээ илэрхийлээд байна.

Ийнхүү олон улсын цахим гарын үсгийн тоо 100 мянгын босгыг давснаар санаачлагчдын зүгээс цугларсан дэмжлэгийг НҮБ-д хүргүүлж, уг хэргийг олон улсын түвшинд хөндөх боломж бүрдэж байгаа юм.

Уг санаачилгыг хэрэг гарснаас хойш 20 жилийн дараа олон улсын анхаарлыг дахин хандуулах, Малайзын талд шаардлага хүргүүлэх зорилгоор эхлүүлжээ. Энэ хүрээнд улстөрч Г.Занданшатар хэд хоногийн өмнө Малайзын нийслэл Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, “Dignity for Altantuya” нэртэй цахим гарын үсэг цуглуулах аяныг санаачилсан юм.

Үүнтэй холбогдуулан хохирогчийн аав С.Шаарийбуу олон нийтэд хандаж, Малайзын Холбооны шүүхэд гаргасан давж заалдах өргөдлийг нь дэмжин, цахим гарын үсэг зурахыг хүссэн билээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Би ийм их баримтыг баталгаажуулж, Малайзын Холбооны шүүхэд давах өргөдөл гаргасан. Түүнийхээ төлөө та бүгдээс гарын үсэг хүсэж байгааг минь ойлгоорой. Та бүхэн олонд түгээж, харсан бүхэн сайхан сэтгэлийн гараа сунгаарай. Та бүхний гарын үсэг маш үнэтэй” хэмээн бичжээ.

Цахим өргөдөлд гарын үсэг зурах: https://c.org/mPw5qkjwhz

Эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад амь насаа алдсан. Түүний цогцсыг тухайн оны аравдугаар сарын 19-нд Куала Лумпур хотын ойролцоох ойгоос олсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг буудан хөнөөж, цогцсыг нь С4 төрлийн тэсрэх бодис ашиглан устгасан болохыг тогтоосон юм.

Түүнээс хойш талийгаачийн аав С.Шаарийбуу охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг тогтоож, шударга ёсыг тогтоолгохын төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.