0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Улсын Их Хуралд хүргүүлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөдлийг 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн хуралдаанд оролцсон 18 гишүүний 14 нь буюу 77.8 хувь нь түүний хүсэлтийг дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасантай холбоотойгоор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох эрх зүйн процесс олон нийтийн анхаарлын төвд байна.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Төрийн тэргүүний үүргийг түр хэрэгжүүлэх болон шинэ Ерөнхийлөгчийг сонгох зохицуулалтыг тодорхой тусгасан байдаг.
Хэрэв УИХ хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийг чөлөөлөх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Үүний дараа УИХ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах учиртай. Сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ дангаар болон хамтран оролцох боломжтой юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд эрх баригч МАН, сөрөг хүчин Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ууд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ. Таван намын төлөөлөл нэр дэвшиж байгаа тохиолдолд сонгууль хоёр шаттай явагдах нь бараг ойлгомжтой биз.
Сонгуулийн эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч нийт саналын олонхыг аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтаар олонхын санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
Ямартай ч одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг Их хурал хүлээн авснаар дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 20-ны дотор зохион байгуулагдах талаар Төрийн ордонд яригдаж байна.
Тиймээс зуны дэлгэр цагт сонгуульддаг монголчууд хаврын эхэн сард шинэ Ерөнхийлөгчтэй болох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.