0

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км урт дүүжин замын тээвэр ирэх арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхлэхээр болжээ.
Тус дүүжин тээвэр нийт 98 кабинтай бөгөөд нэг кабинд 10 зорчигч зорчих боломжтой. Нэг талдаа зорчих хугацаа 12 минут байх юм. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас зорчигчдын аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг танилцууллаа.
Төлбөрийг U Money картаар төлөх боломжтой
Дүүжин тээврийн төлбөрийг нийтийн тээврийн одоо ашиглаж буй төлбөрийн системээр дамжуулан төлөх бөгөөд иргэд U Money картаа ашиглах боломжтой аж.
Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр нэг удаагийн зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр тооцоолж байгаа ч тасалбарын төрөл, эцсийн үнэ болон ажиллах цагийн хуваарийг одоогоор батлаагүй байна.
Дүүжин тээврээр зорчихдоо дараах аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөнө
“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас зорчигчдод дараах зөвлөмжийг хүргүүлжээ.
Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй болон цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан, шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр зорчих эсэхээ шийдвэрлэнэ.
Зогсоол болон бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууна.
0-11 насны хүүхэд эцэг, эх, эсвэл асран хамгаалагчийн хамт зорчино.
Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод шаардлагатай тусламж үзүүлнэ.
Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагана. Аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэлгүй гэрийн тэжээвэр амьтан тээвэрлэхийг хориглоно.
Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, хаалгыг нээхийг оролдох, эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт нэвтрүүлэхгүй.
Мөн дүүжин тээврийн кабинуудын тал хувь нь унадаг дугуй бэхлэх зориулалтын тоноглолтой аж. Харин тэргэнцэр, унадаг дугуй болон гэрийн тэжээвэр амьтантай зорчихтой холбоотой нарийвчилсан журмыг баталсны дараа олон нийтэд мэдээлэхээр болжээ.
Хуваалцах:
Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дөрвөн чиглэлд үйлчилж байна
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.