dobu.mndobu

Цэцэрлэгт ирээгүй хүүхдийг ирснээр бүртгэж хоолны мөнгө авдаг байсан нь тогтоогджээ

Цэцэрлэгт ирээгүй хүүхдийг ирснээр бүртгэж хоолны мөнгө авдаг байсан нь тогтоогджээ

Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

Энэ үеэр тэрбээр сургуулийн хүүхдийн хоолны зардалд эцэг эхчүүд 500-1,000 төгрөгийн оролцоотой байж, хяналт тавьснаар өнгөрсөн хичээлийн жилд 10-15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсныг мэдээлэв.

Тодруулбал, өмнөх жилүүдэд цэцэрлэгт ирээгүй хүүхдийг ирсэнээр бүртгэж, хоолны зардлаас завших тохиолдол гардаг байсан гэж сайд тайлбарлажээ. Харин эцэг эхчүүд хоолны зардалд тодорхой хэмжээний оролцоотой болсноор хүүхдийн ирц болон хоолны чанарт давхар хяналт тавих боломж бүрдсэн байна.

Мөн сургуулийн хоолны үйлчилгээнд бүх хүүхдийг тэгш хамруулах, хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлагатай хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд бүрийг нас, хэрэгцээнд нь тохирсон хоол тэжээлээр хангах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог сайжруулах зорилт тавьж байгаа аж.

Энэ хүрээнд хүүхдийн хоол тэжээл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг байгуулсан байна.

Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн хангамжийн тогтолцоог бий болгохоор Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх төслүүдийг төлөвлөжээ.

Боловсролын сайдын мэдээлснээр эдгээр ажлын хүрээнд сургуулийн хоолны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрүүл, зөв хооллолтыг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.