0

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын хүрээнд Мэдлэгийн менежментийн шинэ загвар “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн цех нэгжүүд өөр өөрсдийн ажлын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, ажилтнуудынхаа саналд үндэслэн, мэдлэг түгээх байруудаа тохижуулж, нээсээр буй. Баяжуулах үйлдвэрийн төслийн багийнхан 2026 онд Нунтаглан баяжуулах хэсэгт "Жижүүрийн цахилгаанчин”, Шүүн хатаах хэсэгт “Пресс”, “Шүүлтүүрчин”, Чийрэгжүүлэлт хөгжлийн төвд “Баяжуулагчдын нийгмийн оролцоо” нэртэй дөрвөн байрыг мэдлэг түгээх зориулалтаар тохижуулан, ажиллуулж эхэлснээ танилцууллаа.
Мэдлэг түгээх ажлын байрны дэлгэрэнгүй танилцуулгыг Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан автоматикийн инженер П.Төртогтох, Шүүн хатаах хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механикч П.Сэрээдар, мастер Н.Өлзийхутаг, арга зүйч Б.Нямдэлгэр нар хийж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр тэргүүтэй төслийн Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь үзэж танилцан, санал зөвлөгөө өглөө.
Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаанчдад, мэдлэг түгээх “Жижүүрийн цахилгаанчин” ажлын өрөөнд мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, суралцах орчныг бүрдүүлж, давтамж хувиргуур HMI, LOGO контроллер, реле болон цахилгаан аппаратуртай дадлага хийх боломж, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг оношлох, шалтгааныг тодорхойлох, арилгах арга туршлагыг эзэмшүүлэх сургалтын хэрэглэгдэхүүнийг байрлуулжээ. Шүүн хатаах хэсгийн ажилтнуудад “Пресс” ажлын байраар дамжуулан тасралтгүй мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, мэргэжлийн нарийн мэдлэг, мэдээллийг нэг дор авч суралцах боломж нээж байна. Ингэснээр ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн сургалт, мэдээллийн орчин бүрджээ. “Шүүлтүүрчин” өрөөнд шинээр ажилд орсон залуу ажилтнууд болон дадлагажигч оюутан, суралцагчид шүүлтүүрчний мэргэжлийн онцлог, технологийн үйл ажиллагааны талаар онолын мэдлэг, мэргэжлийн суурь ойлголт эзэмшиж, олж авсан мэдлэгээ практикт ашиглах ур чадвараа хөгжүүлнэ. Туршлагатай ажилтнуудын арга барилыг эндээс өвлүүлэн түгээж, аюулгүй ажиллагааны иж бүрэн мэдлэгтэй болох юм.
Тус цехийн Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвд нээгдсэн “Ажилтнуудын нийгмийн идэвх оролцоо”-г дээшлүүлэх ажлын байрыг дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижуулсан байна. Энд түүхэн өв, соёлын залгамжлал, мэдээллийн хүртээмж, нийгмийн идэвх оролцоо, дасан зохицол, хөгжил, байгууллагын бахархал, эерэг уур амьсгал гэсэн таван чиглэлд мэдлэг,чадвар түгээнэ. Үүний үр дүнд Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, ахмад настан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд түүх, соёл, үйлдвэрлэл, нийгмийн оролцоо, спорт, урлагийн чиглэлийн 40 төрлийн мэдлэг, мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн мэдээллийн сангаас хүртээмжтэй ашиглах өргөн боломж бүрджээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн зүрх хэмээгддэг Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын мэдлэгийн сан, дөрвөн ажлын байраар нэмэгдэж байна.





Хуваалцах:
Монголоос илэрсэн 2000 жилийн настай Хүннүгийн үеийн булшнаас 413 ховор олдвор илэрчээ
17 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.