0

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарсны дурсгалт газарт 2000 орчим жилийн настай Хүннүгийн язгууртны томоохон булшийг малтан судалж, нийт 413 ширхэг эд өлгийн зүйл илрүүлжээ. БНСУ-ын Үндэсний музейн мэдээлснээр, энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс өнөөг хүртэл илрүүлсэн Хүннүгийн үеийн хамгийн том булш юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон БНСУ-ын Үндэсний музейн судлаачид 2023 оноос хамтран малтлага, судалгааны ажил эхлүүлсэн бөгөөд Дуурлиг нарсны 160 дугаар булшны судалгааг дөрвөн жилийн хугацаанд хийж дуусгажээ.
Дуурлиг нарсны дурсгалт газар нь Хүннүгийн язгууртнуудын оршуулгын 300 орчим булш бүхий томоохон цогцолбор юм. Харин малтан судалсан 160 дугаар булш нь үүдэвчийг оролцуулаад нийт 73 метр урт, газрын гадаргаас доош 14.5 метрийн гүнд хүрэх есөн үе чулуун дараастай аж.
Судалгааны багийнхны илрүүлсэн олдворуудын дунд эртний Ромын эзэнт гүрний үеийнх байж болзошгүй тунгалаг шилэн сав, 15 ширхэг хаш чулуун эдлэл, мөнгөн морины чимэглэл зэрэг ховор эд зүйлс багтжээ.
Тухайлбал, булшны модон авсны ёроолоос олдсон 15 ширхэг хаш эдлэл нь Хятадын Хань улсын үеийн оршуулгын зан үйлд ашигладаг байсан ёслолын эдлэлүүдтэй төстэй боловч хийц, хэлбэрийн хувьд өөрийн онцлогтой байгааг судлаачид онцолсон байна. Энэ нь Хүннүчүүд хөрш Хань улсын соёлын зарим уламжлалыг өөрийн зан заншилд нийцүүлэн хэрэглэж байсныг илтгэж болзошгүй аж.
Мөн бариултай, тунгалаг шилэн савны хагархай илэрсэн нь онцгой анхаарал татаж байна. Археологичид уг эдлэлийг Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн байх боломжтой гэж үзэж байгаа ч яг хаана үйлдвэрлэснийг хараахан тогтоогоогүй байна. Үүнийг тодруулахын тулд шилний химийн найрлагад нэмэлт шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн мөнгөн морины чимэглэлүүдийн хийц нь Солонгосын хойгийн эртний булшнаас олдсон эдлэлүүдтэй төстэй байгаа нь Хүннү гүрэн Евразийн бусад бүс нутгийн соёл иргэншилтэй харилцаж байсныг харуулах бас нэгэн баримт болж байна.
Энэхүү булшны хэмжээ, бүтэц болон олдворууд нь 2000 орчим жилийн өмнөх Хүннү гүрний нийгмийн зохион байгуулалт, язгууртны байр суурь, худалдаа, соёлын харилцааг судлахад чухал ач холбогдолтой юм. Судлаачид цаашид олдворуудын нарийвчилсан шинжилгээ хийж, булшинд оршуулсан хүний хүйс, гарал үүсэл, ураг төрлийн холбоог тогтоох зорилгоор ДНХ-ийн судалгаа хийхээр төлөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.