0

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийн хэрэгжилт, тус хөтөлбөрт хамрагдаж буй бичил, жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдийн бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, менторинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт, зах зээлд нэвтрэхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх замаар бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулах, өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Ажиллах үеэр тус газрын дарга З.Бауыржан хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, бизнесийн өсөлт, тулгамдаж буй асуудалтай танилцаж, инкубацийн үйлчилгээнд хамрагдсанаар гарсан ахиц, өөрчлөлт, үр өгөөжийн талаарх санал, сэтгэгдлийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг 2026 онд Улаанбаатар хотод 5, Орхон, Дорнод, Говьсүмбэр аймагт тус бүр 1, нийт 8 байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 932 иргэн бизнес эрхлэх ур чадварын сургалтад хамрагдаж, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдах 222 хүсэлт ирснээс 99 бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, бойжигчоор хамруулан дэмжлэг үзүүлж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 94 шинэ ажлын байр бий болж, 450 гаруй иргэн төслийн үр шимийг шууд хүртсэн нь бичил, жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарч байгааг харуулж байна.
Тус хөтөлбөрийн онцлог нь иргэдэд зөвхөн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар олгохоор хязгаарлагдахгүй, бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх, зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай, цогц дэмжлэг үзүүлж буйд оршино.







Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.