dobu.mndobu

ОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ

ОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ

ОХУ-д өндөр цалинтай жолооочоор ажиллахаар явсан Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн Оросын армид хууртагдан татагдсан тухайгаа ар гэрийнхэндээ мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр өндөр цалинтай ажилд орохоор эх орноосоо явсан байна. Гэвч очсон даруйдаа цэргийн ажиллагаанд татагдсан бөгөөд одоогоор цэргийн бэлтгэлд хамрагдаж байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. Түүний эхнэр нөхрөө цэргийн бэлтгэл дууссаны дараа Украин дахь дайны бүс рүү илгээгдэх вий хэмээн болгоомжилж, эх оронд нь буцаахад туслахыг холбогдох байгууллагуудаас хүссэн байна.

Энэ асуудлаар ар гэрийнхэн нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор хандсан бөгөөд ГХЯ-ны зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа өчигдөр /2026.11.23/ мэдээлэхдээ, тухайн иргэний ар гэр нийгмийн сүлжээнд мэдээлэл нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт яаманд албан хүсэлт гаргасан гэв.

Уг хүсэлтийн дагуу Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдсон бөгөөд ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Цэргийн прокурорын газар болон Батлан хамгаалах яаманд хандаж, тухайн иргэний мэдээллийг хүргүүлсэн байна.

Мөн тухайн иргэний ар гэрийн төлөөлөлтэй бид тогтмол холбоотой байгаа. Иргэд хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан учир иргэнээ буцааж авъя гэсэн хүсэлтийг ОХУ-ын талд өгсөн” хэмээн мэдээллээ.

Мөн ГХЯ-ны зүгээс өндөр цалинтай ажилд зуучилна гэх нэрийдлээр Монгол Улсын иргэдийг ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй тохиолдлууд өмнө нь ч гарч байсныг анхааруулсан юм. Тухайлбал, цахим орчинд байршуулсан тогооч, тээврийн жолооч зэрэг ажлын байрны зарын дагуу иргэд бүртгүүлж, ОХУ-ыг зорьдог ч бодит байдал дээр цэргийн ажиллагаанд татан оролцуулах зорилготой залилангийн шинжтэй үйл ажиллагаанд өртөх тохиолдол гарч байгааг онцолжээ.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Энэ бол ганц иргэний асуудал биш. Цаашид ч давтагдаж болзошгүй, өмнө нь ч гарч байсан асуудал. Бодит нөхцөл байдал дээр энэ нь анхнаасаа залилан, луйврын шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд оруулахаар ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдийн зохион байгуулсан ажил байдаг” гэв.

Иймд иргэд гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар, саналд болгоомжтой хандаж, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг бүрэн ойлгож, шалгаж нягталсны дараа гарын үсэг зурахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Одоогоор Монгол Улсын иргэнийг эх оронд нь буцаах асуудлаар ОХУ-ын талд тавьсан хүсэлтийн хариу тодорхой болоогүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.