0

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн дунд бүлгийн буюу 3 настай хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.
Өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн уг үзлэгт өнөөдрийн байдлаар нийт 140,727 хүүхдээс 114,263 нь хамрагдаж, хамрагдалт 87.9 хувьд хүрчээ.
Нийслэлийн есөн дүүргээс Багахангай, Багануур дүүргийн хүүхдүүд үзлэгт хамгийн өндөр буюу 90 гаруй хувийн хамрагдалттай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ товлосон хугацаанд үзлэгт хамруулахыг анхааруулж байна.
Үзлэгээр хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын болон хоол боловсруулах эрхтний тогтолцоо, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судасны үйл ажиллагааг шалгана. Мөн нурууны муруйлт, хавтгай тавхайг илрүүлэхээс гадна сэтгэл зүйн үнэлгээ хийх юм.
Үзлэгийн үр дүнд хүүхэд бүрийн эрүүл мэндийн дүгнэлт гаргаж, цаашид анхаарах асуудал болон шаардлагатай зөвлөмжийг гэр бүлд нь хүргэх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.