dobu.mndobu

АНУ-ын шүүх "Huawei" компанийг 10 зүйл ангиар буруутай гэж үзлээ

АНУ-ын шүүх "Huawei" компанийг 10 зүйл ангиар буруутай гэж үзлээ

АНУ-ын шүүх Хятадын технологийн "Huawei" компанийг өрсөлдөгч компаниудынхаа нууц мэдээллийг хулгайлж, банкуудыг хуурсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Харин гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэх илүү ноцтой хэрэгт гэм буруугүй гэж шийдвэрлэжээ. Хоёр сар үргэлжилсэн шүүх хурлын үеэр прокурорууд "Huawei" компанийг бизнесээ өргөжүүлэхийн тулд худал хэлж, бусдын технологийг хуулбарлан, хууль зөрчсөн гэж буруутгасан байна.

Харин тус компанийн өмгөөлөгчид "Huawei"-ийн амжилт бусдын зүйлийг хулгайлснаас бус, өөрсдийн бүтээл, хөдөлмөрийн үр дүн гэж тайлбарлажээ.

Бруклин хотын шүүхийн тангарагтны шүүх холбогдох 12 хэргийн 10-д нь "Huawei" буруутай гэж үзсэн байна. Үүнд АНУ-ын хоригийг зөрчихөөр тохиролцсон, банкны байгууллагуудад худал мэдээлэл өгсөн зэрэг хэрэг багтжээ. Харин компанийг гэмт хэргийн бүлэглэл шиг ажилласан гэж үзсэн гол хэрэгт гэм буруугүй гэж шийдвэрлэсэн байна.

АНУ-ын прокурорууд "Huawei" компанид холбогдох хэргийг анх 2019 онд зарласан юм. Энэ нь 2018 оны сүүлээр тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канад улсад баривчилсантай холбоотойгоор эхэлжээ. Тэрбээр гурван жил Канад улсад саатуулагдсаны эцэст АНУ-ын прокуроруудтай тохиролцсоны дараа Хятад руу буцсан юм.

АНУ-ын ерөнхий прокурор Тодд Бланш "Huawei" болон түүний охин компаниуд олон жилийн турш худал мэдээлэл, хулгайгаар бизнесээ явуулсан гэж мэдэгджээ.

Харин "Huawei"-ийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн дараа хамгийн ноцтой буруутгалыг няцаасанд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. "Huawei" компани шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, эрх ашгаа хамгаалахын тулд хууль ёсны бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ. Тус компанид оноох ялыг 2027 оны есдүгээр сард зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд "Huawei"-ийн өмгөөлөгчид ялыг аль болох багасгахын төлөө ажиллаж, цаашид давж заалдахаа мэдэгдсэн байна.

 

                                                                                                                                                                                             ЭХ СУРВАЛЖ: BCC

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.