0

ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явсан ч дайны бүсэд очиж олзлогдсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Энэ талаар өнөөдөр (2026.11.27) Цагдаагийн ерөнхий газар болон Гадаад харилцааны яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан найман иргэнийг эх орондоо авчирсан байна.
Эх орондоо ирээгүй 6 иргэн байна гэсэн албан ёсны мэдээлэл бий. Мөн дайнд оролцсон нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ.
Ар гэрийн гишүүн, ах дүү хамаатан садан нь ОХУ-руу хил гарсан цаашид цэргийн бааз руу очсон бол тухайн иргэний бичиг баримтын хуулбарыг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх шаардлагатай байна. Ингэснээр ОХУ-руу шаардлага хүргүүлж, эх оронд нь буцааж авчрах ажиллагаа явуулна.
Уг зар мэдээлэлд итгэж явсан иргэд Улаанбаатараас Хиагт, Улаан-Үд, Эрхүү гэсэн маршрутын дагуу явж байна" гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуяг "Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна. Зэвсэгт хүчинд нэгдээрэй" гэх агуулга бүхий зар мэдээлэл цахим орчинд түгсэн.
Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад хоёр гомдол албан ёсоор бүртгэгдсэн. Гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа тухайн зарын дагуу ОХУ-руу явах гэж байсан гурван иргэнийг саатуулж, явахаас татгалзуулсан.
Монгол Улсын иргэн энэ сарын 8-ны өдөр Улаан-Үдээс Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр хилээр гарсан байна. Тухайн иргэнийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулж байна.
ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол зар мэдээллийг оруулж байна. Энэ төрлийн зар оруулсан есөн хаягийг устгуулсан.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлсэн. Учир нь Монгол Улсын иргэд хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар галт зэвсэг нэвтрүүлэхийг хориглосон байна. Хилээр нэвтрэхдээ тээшиндээ санаатай болон санамсаргүй байдлаар сум, галт зэвсгийг тээвэрлэхээс зайлсхийх талаар анхааруулав.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд дулаан оронд амрах, хамт олноороо зорчих хэрэгцээ шаардлагыг үндэслэн залилагч этгээдүүд иргэдийг залилж буй тохиолдол гарч буй.
Өнгөрсөн сард Монгол Улсын зургаан иргэн Вьетнам Улсын Фукуок аралд амрах зорилгоор урьдчилгаа 19 сая төгрөг шилжүүлсэн хэрэг бүртгэгджээ. Гэмт хэрэг хийсэн хүнийг олж тогтоон, яллагдагчаар татсан байна.
Иргэд аяллын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагыг сайн судалж залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Хуваалцах:
"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" зараар очсон Монгол Улсын иргэн дайнд оролцон нас баржээ
20 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.