Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ” хэмээн заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.
Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны цөмд хүн байна. Монгол Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого, шийдвэр, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар тусгасныг ажлын хэсгийн гишүүд тодотголоо. Тус стратеги төлөвлөгөөнд 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулахад УИХ дахь таван нам, эвслийн төлөөлөл оролцсоныг тодотгоод, стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ парламент хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхэд анхааран ажиллана хэмээн онцлов. Мөн аливаа хэм хэмжээг хуулиар зохицуулж, процессын асуудлыг журам зохицуулдаг байх хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа дурдсан юм.