dobu.mndobu

АУДИТ: Эрүүл мэндийн яам БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ авахад 69.5 сая төгрөг зарцуулжээ

АУДИТ: Эрүүл мэндийн яам БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ авахад 69.5 сая төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.

ЦАХИМ ШИЛЖИЛТ ЭРЧИМТЭЙ ЯВУУЛСАН ХЭМЭЭН АЖИЛЧДАА 102 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖЭЭ

Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг эрчимтэй явуулсан албан тушаалтнуудад 102 сая 200 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүдэд 6 сая төгрөгийг олгосон байгаа юм. Ийн нийтдээ 108 сая 200 мянган төгрөгийг урамшуулал байдлаар өгсөн байна. Уг мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар болох 10 сая 820 мянган төгрөгийг суутгаж авах ёстой байсан ч суутгаагүй аж.

 

ТОМИЛОЛТООР ЯВСАН АЖИЛЧДАДАА ХООЛ, УНААНЫ ЗАРДЛЫН 5.5 САЯ ТӨГРӨГИЙГ ДАВХАРДУУЛЖ ОЛГОЖЭЭ

Эрүүл мэндийн яамны дотоод албан томилолтод 37 хүн явжээ. Тэдний хоол, унааны зардалд төсвөөс 5 сая 560 мянган төгрөг гаргаж өгсөн байна. Ингэхдээ уг мөнгийг давхардуулж олгожээ.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах”, Төсвийн тухай хуулийн “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ. Улмаар зөрчлийг арилгуулж, давхардуулж олгосон мөнгийг аудитын байгууллагын данс руу хийхийг шаардсан байна.

 

“ШАТАХУУН АВСАН” ГЭХ НЭРИЙДЛЭЭР 46.4 САЯ ТӨГРӨГИЙГ БАРИМТГҮЙГЭЭР ЗАРЛАГАДЖЭЭ

2024 онд байгууллагын үйл ажиллагаанд 46 сая 455 мянган төгрөгийг шатахуун худалдан авахад зарцуулсан хэмээн зарлагаджээ. Гэвч тайлан гаргаагүй, жолоочийн замын хуудсыг бүрэн хөтөлж, гарын үсгээр баталгаажуулаагүй аж.

Өөрөөр хэлбэл, 46.6 сая төгрөгийг яг шатахуун худалдан авахад зарцуулсан эсэх нь эргэлзээтэй гэсэн үг юм.

 

ЭМЯ-НЫ САЛБАР БАЙГУУЛЛАГУУДАД 99 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН Ч ТООЦОО НИЙЛЭЭГҮЙ БАЙНА

Эрүүл мэндийн сайд болон ТНБД-ын тушаалаар салбарын байгууллагуудад 99 сая 268 мянган төгрөгийг шилжүүлжээ. Гэвч эм, эмнэлгийн хэрэгслүүдийг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байна.

Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн “Үнэн зөв байх”, “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах”, Төсвийн тухай хуулийн “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” гэх заалтуудыг зөрчсөн аж.

ЭМЯ 33.6 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАА АВААГҮЙ, 13.7 САЯ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Жилийн эцэст 33 сая 644 мянга 543 төгрөгийн авлага, 13 сая 750 мянган төгрөгийн урьдчилж гаргасан зардлыг тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй. Мөн үүнээс ажиллагсдаас авах 2 сая 346 мянгөн төгрөгийн он дамжсан авлагын үлдэгдлийг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй байна.

82 САЯ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖЭЭ

Шуудан холбоо интернэтийн зардал, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардал, багаж хэрэгслийн зардал, бусад нийтлэг үйлчилгээний зардал, хичээл үйлдвэрлэлийн зардал гээд нийт 123 сая төгрөгийг зардлын ангилал зөрчиж зарцуулжээ.

Мөн төсвийн урсгал зардлаас 82 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХГҮЙГЭЭР 100 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх, сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулжээ. Ингэхдээ 49.9 сая төгрөгийн ижил төрлийн үйлчилгээг нэг байгууллагатай гурав хувааж шууд гэрээ байгуулсан байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, хувь хүний хөгжил” гэх сургалтыг 50.3 сая төгрөгөөр зохион байгуулжээ. Ингэхдээ мөн л шууд гэрээ байгуулсан аж.

АЖИЛЧДАДАА ИЛҮҮ ЦАГИЙН ЦАЛИН ОЛГОХДОО 6 САЯ ТӨГРӨГ ИЛҮҮ ОЛГОЖЭЭ

Ажилчдадаа илүү цагийн хөлс олгохдоо ажлын 10 цагийн 10 хувиас хэтрүүлж, нийт 6 сая 429 мянган төгрөгийг илүү бодож олгосон байна.

Энэ нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл хөлс олгох журмын “Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажиллассны нэмэгдэл хөлс тооцох цаг нь тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэх заалтыг зөрчсөн аж.

БАЯР ТЭМДЭГЛЭХЭД 8.2 САЯ, БЭЛЭГ ДУРСГАЛД 69.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Төсвөөс баяр тэмдэглэхэд  8 сая 240 мянган төгрөг, бэлэг дурсгалд 69 сая 500 мянган төгрөг, логотой фудволк худалдан авахад 1 сая төгрөг зарцуулсан байна.

Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн “Төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах”, “Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно” гэх заалтыг зөрчжээ.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.