dobu.mndobu

Ж.Батсуурь: Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна

Ж.Батсуурь: Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая иргэн Улаанбаатарт амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70, худалдаа, үйлчилгээний 84, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч буй. Хотжилт эрчимжиж байгаа энэ үед Монгол Улсын нийслэл хот, дагуул хотууд, улс, орон нутгийн зэрэглэлтэй болон шинээр байгуулах хотуудыг дэлхийн жишиг, зарчмын дагуу хүн төвтэй, амьдрахад таатай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, нийгмийн тэгш хүртээмжтэй, орчин үеийн технологи, инновацад тулгуурласан дэд бүтэц бүхий ухаалаг, ногоон, тогтвортой үзэл баримтлал, шийдлээр төлөвлөж хөгжүүлэхэд шаардлагатай цогц бодлогыг тодорхойлж, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэн, гадаад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Хот байгуулалтын форум-2024”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран (2024.12.12) зохион байгууллаа.

Эл форумыг нээх үеэрээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь:

“Хотжилтын хөтөлбөрийн 2020-2024 оны хэрэгжилтийн үндэсний тайланг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 2025 онд танилцуулахаар ажиллаж байна. Хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, 150 мянган айлын орон сууцын хөтөлбөрийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлж, ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхүүдэд олгож, нийтийн болон амины орон сууц барих, хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоо бий болгон, хотын ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрөл олгох зэргийг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй Улаанбаатарыг цаашид зөв төлөвлөлтөд оруулж, хот төлөвлөлтийн алдааг богино хугацаанд засахын сацуу шинэ хот байгуулах шаардлагатай. Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна” хэмээн онцоллоо. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нэг сар гаруйн өмнө орон сууцжуулалтын бодлогоо тодорхойлсон. Тэгвэл өдгөө хот байгуулалтын бодлогоо тодорхойлж байгаа юм.

Мөн форумын үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

“20 минутын хот”-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэсэн. Тэрбээр “20 минутын хот” үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж байна. Сүүлийн 30 гаруй жил төр засаг, дарга төвтэй, дээрээс доош чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоотой явж ирсэн. Ийм тогтолцоотой байх нь тухайн хороо, сум, багт амьдарч буй хүмүүст шаардлагатай хэрэгцээг нэг дор хүргэх боломжгүйд хүргэдэг.

“20 минутын хот”-ын үзэл баримтлал нь хүн төвтэй, хүндээ ээлтэй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсдог, тэдний хүсэл, хэрэгцээнд тулгуурлан хотоо төлөвлөдөг болоход чиглэж, нэгдсэн төлөвлөлтийн бодлогод шилжихэд анхаарна.  Хоёрдугаарт, төлөвлөлтдөө суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх тогтолцоонд шилжих ёстой” хэмээн тодотгов. Одоогоор боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, нийтийн тээврийн зогсоол зэргийг тэргүүн ээлжид тавьж буй бөгөөд үзэл баримтлалын төсөлд санал авах явцад эцэслэх юм.

 

Хуваалцах:

|
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

7000 га орчим талбай түймэрт өртжээ

7000 га орчим талбай түймэрт өртжээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.