dobu.mndobu

П.Мягмардорж: Бид бусад орнуудын бодлого, шийдвэрийг харж улсынхаа ирээдүйг олон хувилбараар тооцоолох хэрэгтэй

П.Мягмардорж: Бид бусад орнуудын бодлого, шийдвэрийг харж улсынхаа ирээдүйг олон хувилбараар тооцоолох хэрэгтэй

 АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь дэлхий дахины анхааралд зүй ёсоор багтсан үйл явдал боллоо. Ингэхдээ БНН-аас ялалт байгуулсан Трампийн амлалтууд ч мөн олон улсын анхаарлын төвд байна. Харин эдгээр амлалт нь дэлхий дахин болон Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн ОУ-ын харилцааны багш, Доктор П.Мягмардоржтой ярилцсаныг хүргэж байна.

 

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампийн гадаад бодлогоос олон улсын анхаарлыг татаж байгаа зүйлс юу байна вэ? Тэдгээр нь урд, хойд хөршөөр дамжаад манай улсад мөн хэрхэн нөлөөлөх вэ?

Олон улс судлаачид таван асуудлыг онцолж байна л даа. Нэгдүгээрт, Орос, Украины дайн. Хоёрт, Орхи Дорнодын асуудлууд \Израйл, Палестин, Хезбола\ гэх мэт. Гуравт, мэдээж Хятад улстай харилцах харилцааны асуудал, Хятадын геополитикийн асуудал, Тайвань руу явуулж буй бодлого. Дөрөвт, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал. Энэ нь өөрөө саяхныг хүртэл дэлхийн хэмжээнд айхтар улс төрийн асуудал гэж яригддаггүй байсан бол 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш зүй ёсоор анхаарал татах болсон. Тавдугаарт хиймэл оюун ухааны хөгжил.

Трампийн гадаад бодлого манай улсад шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ач холбогдлын дарааллаар авч үзвэл дээрх таван зүйлээс, нэгдүгээрт АНУ, БНХАУ хоорондын харилцаа. Хоёрт, ОХУ, Украйн хоорондын дайн.

 АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2017-2021 онд Хятад улсаас АНУ-д нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүнд өндөр импортын татвар ноогдуулсан. Үүнийг ОУ судлаачид тарифын дайн, худалдааны дайн гэх мэтээр нэрлэж байсан. Энэхүү бодлого Байденийн үед ч  хэрэгжсэн.

Трампийн шинэ дөрвөн жилд импортын татвар 30 хувь нэмэгдэнэ гэж тооцоолсон. Хэрэв тариф 30 хувь нэмэгдэж 55-60 орчим хувь руу орвол дэлхийн зах зээл дэх бараа материалын үнэ огцом өсөх байх. Үүн дээр нь нэмээд Хятад улс АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүн гаргахаа зогсоовол АНУ бүр ч илүү энэ ажилдаа хөрш орнууд, Европын орнуудыг татан оруулна. Ингэснээр Хятадын эсрэг санкц, үйл ажиллагаа эрчимжиж хятадын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт багасах байх гэсэн таамаглал байна. 

Хэрэв, хятадын бүтээгдэхүүн үйлдвэрлэл багасвал монголын экспортод томоохон нөлөө үзүүлдэг нүүрс, зэс гэх мэт бүтээгдэхүүний худалдан авалт буурч болзошгүй. Зэс гэхэд л Хятадын үйлдвэрлэлийн гол түүхий эд болж байна.

Гэх мэтчилэн энэ бүх нөхцөлийг бид бодож, тооцоолж ирэх жилийнхээ төсвийг ярих ёстой. Үнэхээр нүүрсээ 83 сая тонноор нь зарах уу. Нүүрснээс олох ашгийг ч мөн олон хувилбараар тооцоолох хэрэгтэй.

Олон улсын харилцаанд лидер гүрэн, дараагийн лидер гүрэн гэсэн хоёр ойлголт бий. Тэгэхээр энэ хоёр том гүрэн бол АНУ, БНХАУ. Лидэр гүрнүүдийн хүчний харьцаа хоорондоо ойртоод ирэхээр заавал мөргөлдөөн үүсдэг. Энэ нь уламжлалт дайн хэлбэрээр эсвэл уламжлалт бус хэлбэрээр явагдана. Тиймээс Хятадын эдийн засаг өсөөд, ДНБ нь Америкийг даваад, дээр нь нэмээд цэрэг, улс төр, эдийн засаг, технологийн салбарын хувьд Америктай дөхөөд зарим үед даваад эхлэхээр заавал сөргөлдөөн үүснэ. Түүхийн бүх цаг үед ийм байсан.

Хэрэв уламжлалт дайны хэлбэрээр явагдвал манай орны газарзүй, геополитикийн хувьд төвөгтэй байдал үүсгэнэ гэсэн үг. Ер нь дайны нөхцөл байдалд дандаа жижиг улсууд л хохирсоор ирсэн.

Та ярианы эхэнд Орос, украйны дайны тухай дурдсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Трампийн хэлснээр сонгогдсоны дараа 24 цагийн дотор тухайн дайныг зогсооно гэж хэлсэн. Гэвч сонгогдсоноос хойш нэлээн хугацаа өнгөрсөн. Ямартай ч Зеленский өөрийн твиттер хуудастаа Трампд баяр хүргэсэн. Ингэхдээ утсаар ярьсан тухайгаа мөн дурдсан байгаа юм. Энэхүү яриа нь цаашид АНУ, Украин хоорондын харилцааг өндөр түвшинд хадгална гэсэн агуулгатай.

Тэгвэл Трамп дайныг яаж зогсоох вэ, Байденээс юугаараа ялгаатай байх юм гэхээр нэгдүгээрт шахалт үзүүлж магадгүй. Украинд нийлүүлж буй зэвсэг, техникийн хувьд шүү дээ. Гэтэл энэ нь Трамп ямар ашигтай вэ гэдэг асуудал гэрч байгаа юм. Магадгүй дайн үргэлжилж л байвал Трампд ашигтай байж болно шүү дээ. Маш том том зэвсгийн үйлдвэрүүд Америкт байгаа учраас. Ер нь бүх цаг үед дайны нөхцөл байдалд АНУ хожсон байдаг.

Үүнийг олон янзаар тайлбарлаж болно. Хамгийн энгийнээр тайлбарлахад Дональд Трампд дайныг зогсоох хүсэл байгаа. Энэ нь бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн улс орнуудын маргааныг шийдвэрлэдэг лидер гэдгээ харуулах зорилготой. Жишээ нь нэг анги байлаа гэхэд үймүүлэлдээд байвал “хөөе, та нар больцгоо” гэж ангийн дарга хэлдэгтэй адилхан. Яг үүнтэй адилхан өөрийн лидер гэдгээ баталж дайныг зогсоох хүсэл байгаа. Харин яаж зогсоох вэ гэдэг нь цаг хугацааны асуудал байх. Ямар ч байсан Украинд шахалт үзүүлэх байх. Путинтэй бас холбоо тогтоох гэж оролдох байх.

Сонирхолтой нь Трампийг сонгогдсоны дараагаар шууд баяр хүргээгүй. Түүний хэвлэлийн төлөөлөгч харин “бид одоогоор хамгийн муу түвшний харилцаатай байгаа. Энэ үед заавал баяр хүргэх шаардлагагүй” гэх агуулгатай мэдээлэл гаргасан. Үүн дээр анализ хийвэл, Бид харилцааны хамгийн муу түвшинд байна гэж хэлж байгаа нь өөрөө энэ харилцаа сайжрах боломжтой гэсэн утгыг агуулж байгаа юм. Тиймээс Путинтэй мөн харилцаа тогтоож хэлэлцээр хийж магадгүй. Ингэсэн тохиолдолд арай жижгээрээ Украин золиосонд гарч болох юм.

Ингээд дайн хэрэв зогсвол шууд нөлөөлөл нь манай улсад орж ирэх байх. Наад зах нь нислэгүүд хэвийн болно шүү дээ.

Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнуудын бодлого шийдвэр байнга өөрчлөгдөнө, янз бүрийн шийдвэр гарна. Трамп бол ялангуяа тэр гэхийн тэмдэггүй шийдвэр гаргах байх. Харин энэ мэт дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нөлөөлөл үүсэх магадлалтай шийдвэрийн үед бид яах ёстой вэ гэхээр дотооддоо асуудлаа шийдэх ёстой.

Авлига, хээл хахууль, дотроо нэгдмэл бус байдаг гэх мэт асуудлаа шийдэх ёстой. Цаашид ирээдүйн таамаглалуудаас гарах үр дүнг тооцож, эрсдэлээ тооцож, гарах шийдвэрүүдийг бэлэн болгох ёстой. Олон хувилбарт тооцоолол байсны үр дүнд л өөрт ашигтайг сонгох учиртай. Ер нь бол нөхцөл байдал хаашаа эргэх нь биднээс л шалтгаална.

 

Ярицсанд баярлалаа.

Хуваалцах:

|
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.