0
"Алтан охин" хэмээн нэрлэгдэж, монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийг өргөлтийн спортоос зодог тайлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Би 17 жил хүндийг өргөлтийн спортоор хичээллэж байгаа. Маш их цаг хугацаа, маш олон зүйлийг золиосолсон. Эрүүл мэндээ бодох цаг болсон байна. Надад одоо бэртэж үзээгүй, 100 хувь эрүүл нэг ч үе байхгүй. Тохой, өвдөг, мөр, шагай, нуруу гээд бүгд гэмтэж байсан. Би хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ нэг ч удаа зугаалгад явж байгаагүй. Одоо өөрийгөө хайрлаж, гэр бүлдээ анхаарч, нөхөртөө тусалж, гоё амьдарч үзмээр санагдаж байна. Тийм амьдрал илүү сайхан санагдах болсон. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө хувьд харамсахааргүйгээр сайн хичээлээ" хэмээжээ.
М.Анхцэцэг аравхан настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэж, 17 жилийн турш тасралтгүй тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцон эх орныхоо төрийн далбааг мандуулсаар ирсэн. Тэрбээр багш Ц.Хосбаярынхаа хамтаар энэ олон жил тууштай хичээллэсний дүнд Монголын хүндийг өргөлтийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоожээ.
М.Анхцэцэг өнгөрсөн хугацаанд гурван олимп, найман удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, таван дэлхийн аваргаас долоон медаль хүртсэн.
Гэр бүлдээ зарцуулах гэргий, ээжийн үүргээ үл хайхран, эрүүл мэндээ золиосолж хүнд туухайтай 17 жил нөхөрлөсний эцэст тэр 27 насандаа ийн зодог тайлж байна.
Түүний гаргасан амжилтууд,
Видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.