0
Засгийн газар өнөөдөр (2024.12.20) ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран Үндэсний баялгийн санг байгуулах болсноо зарлаж, санамж бичиг байгуулж байсан. Түүний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Тэр цагаас хойш нэг жил орчмын хугацаа өнгөрчээ: Иймээс дүгнэж үзлээ. Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна.
Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэн бүрдээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг.
Иргэд И-Монголиагаар дамжуулан дансаа шалгаж үзнэ. Улмаар хуримтлалын мөнгөө карт хэлбэрээр баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана.
Орон сууцжуулалтын тухайд, ипотекийн хүү өндөр байсан бол он гараад залуу гэр бүлийг дэмжих багц зарлана. Хүү байхгүй эх үүсвэр өнөөдрөөс бүрдэж эхэлж байна гэж ойлгож болно. Баялаг ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ.
Нэг жилийн хугацаанд 135 мянган төгрөг гэдэг эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. Цаашдаа "Хуримтлалтай Монгол" байх агуулга руу сан төвлөрөөд явна.
Төсөв хэрэв ашигтай ажиллавал төсвийн илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь Тогтворжуулалтын сан руу, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох эрх зүйн зохицуулалттай. Энэ жил төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум нь Хөгжлийн санд төвлөрнө. Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулагдах журмыг өнөөдөр баталлаа.
Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлөөд, дампуурлаасаа гарсан. Хэд, хэдэн өөрчлөлт хийх хуулийг оруулах талаар хэлэлцсэн. Үндэсний баялгийн санг Хөгжлийн сантай илүү холбох зорилгоор Хөгжлийн банкийг экспортыг дэмжих банк болгох хуулийн төсөл өргөн барихаар болж байна.
Томоохон мега төслүүдэд зарцуулах эрх зүйг нээхийн тулд Хөгжлийн банкийг экзим банк болгох томоохон реформ хийгдэх зайлшгүй шаардлагатай.
Засгийн газар "14 мега төсөл хэрэгжүүлнэ, улс төрийн гацааг гаргана" гэдэг уриатайгаар Хурдтай хөгжлийн зориг гэрээг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гэрээ Шанхайд зурагдсан. Ажил нь хавар эхэлнэ. Эрчим хүчний салбарт сайн дохио болж байгаа. Булангийн орон руу саяхан айлчлал хийсэн. Эрчим хүчээ экспортлогч орон байх боломжтой, ялангуяа говийн бүс нутаг. 2030 оноос хойш Хятадад том хэмжээний эрчим хүчний хэрэглээ үүснэ. Үүн дээр том мега төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэлсэн.
Ирэх 7 хоногт хэлэлцэгдэх Гашуунсухайт-Ганцмод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно.
14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргалаа. Дахиад 2-3 кокс химийн үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах шийдвэр гаргасан нь хэрэгжих боломжтой болж байна.
Олон асуудлуудын шийдвэрийн гол зангилаа нь эрчим хүчний салбар байгаа. Тийм учраас 14 төслийн 50 хувь болох эрчим хүчний салбараа бүх талаар дэмжихээр оруулж ирсэн. 50 хувь нь дэд бүтцийн төсөл.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцээд ирэх долоо хоногийн Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар боллоо. Яагаад 16 жил гацсан бэ гэхээр сонирхолтой логик гарч ирнэ. Удахгүй УИХ дээр нээлттэй ярилцах цаг ойртож байна. 2013, 2014 онд юу болсон юм, хоёр улсын Засгийн газар яагаад хэлцэл хийж чадаагүй юм бэ гэдэг маш олон логик харагдана. Экспортыг боомилж байсан асуудлуудыг хэлэлцэхэд бэлэн болсон.
“Бадрах энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг мөн ирэх Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн гэрээнээс хойших хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ.
Бид энэ асуудлыг хойшлуулж байсан нь арванхоёрдугаар сарын 20-ны дүнг хүлээх, Улсын төсөв батлагдахыг хүлээх шаардалга байсан. Яагаад гэвэл ураны хөрөнгө оруулалтын гэрээнд 34 хувь байх уу, 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ -өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байсан.
“Бадрах энержи”-д хийгдэх гэрээний хувьд 10 хувь нь алтан хувьцаа байна. Монголын тал ямар нэг хариуцлага хүлээхгүй, 34 хувь хүртэлх буюу 24 хувь нь Хуримтлалын санд иргэдэд хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ орохоор том аргачлал руу орж байгаа.
Энэ хийгдэж чадвал цаашдаа маш олон том төслүүдийн хэлцэл хийгдэнэ гэсэн үг. Хувийн хэвшилд байгаа ордуудын 34 хувь АМНАТ-өөр тооцогдох, өнөөдрийн нээгдэж байгаа хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүр том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих, өмнө яригдаж байсан концепцийг иргэд өөрсдөө хянаад явах боломжтой.
Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд авч үлдэх, гурван жил дараалан ашиггүй ажиллаж байгааг нь компанитай нэгтгэх, төрийн өмчит компани гэдэг статусыг өөрчлөхөөр ярилцлаа. Олон улсын зөвлөгөө дээр үндэслэж, ул суурьтай хандаж байгаа.
Том төслүүдээ хөдөлгөх Засгийн газрын зорилтоос дөрвийг нь эхний нэг жилд багтаан хөдөлгөж чадлаа. Үлдсэн 10-аад төсөл байна, нэг бүрчлэн ажиллаад явах боломжтой.
Том төслүүд хөдлөх дөхөхөд хэн нэгэн хүний эрх ашиг юм уу, хэсэг бүлэг хүний эрх ашиг зөрчигдөх асуудал гардаг. Энэ асуудлыг УИХ-аар нээлттэй ярина. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал олон маргаан дагуулж байсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг нийгмээрээ шахаж байж төлөлт хийж байсан. Тэгэхгүй бол Хөгжлийн банк экзим банк болох боломжоо алдаад үндсэндээ хоёр бонд дээрээ депольт болох байсан. Хэрэв депольт болсон бол 12 жил энэ нэрээ арилгаж чадахгүй, маш их тээг болох байсан. Тийм учраас тухайн үед маш олон асуудал дундуур гарсан.
“Эрдэнэс Тавантолгой” компани тойрсон нүүрстэй холбоотой маш том маргаан дэгдээж байсан. Одоо Гашуунсухайт-Ганцмодтой холбоотой асуудал эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд болсон олон асуудлын өрнөл ч үүнтэй холбоотой.
Тийм учраас гуравдагч этгээдээр зуучлуулахгүйгээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газартай шууд олон улсын хэлэлцээр байгуулна. Ингэснээр Тавантолгойг хэн нэгэнд өгөх өмнөх хэлэлцээр хүчингүй болж байгаа.
Дунд нь зуучлагч байдлаар орж ирж байсан хоёроос гурван аж ахуй нэгжийг гаргах болж байгаа. Нүүрс тээврийн компаниудаас томд тооцогдох 60 гаруй компанийн эрх ашиг зөрчигдөхөөр болж байгаа. Тийм учраас энэ бүх зүйлийн эрх ашгууд олон нийтэд өөр ойлголт өгөх эрсдлүүд бий. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр байсан, Хөгжлийн банк дээр байсан, Дархан төмөрлөгийн үйлдвэр, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг гаргаж тавьж байхад байсан, та бүхэн санаж байгаа.
Тийм учраас 16 жилийн хамгийн том улстөржсөн сэдэв ирэх долоо хоногт УИХ-аар орох нь. Олон янзын өнцөг гарах байх.
Олон нийт өмнөх бүх зүйл дээр маш хэрсүү байж, шударга ёсны талд зогссон. Тийм учраас олон төслүүд хөдөлсөн. Энэ агуулгаараа Баялгийн сан байгуулагдсан. Өнөөдөр бид анхныхаа жилийн өгөөжийг хүртээд байна. Цаашдаа олон төслүүд хөдлөөд явбал олон боломжууд байна гэдэг нь харагдаж байна.
Ерөнхий сайдын хувьд шударга ёсны төлөөх жингийн цуваа саадтай ч явсаар байна. Цаашид ч энэ жингийн цуваа зогсохгүй явах болно.
Ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг туйлын сонор сэрэмжтэй байж, цаасан баримтад тулгуурлан асуудалд хандахыг хүсье” гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.