dobu.mndobu

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх хууль, журмуудыг нэгтгэн хүргэж байна. 

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.  Энэ дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврэр зорчихдоо 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа үйлчлүүлэхээр болж байна. 

ОЮУТНУУДЫН АВТОБУСНЫ ХӨНГӨЛӨЛТ ХҮЧИНГҮЙ БОЛЖ, ТӨЛБӨР ТӨЛЖ ЗОРЧИНО

Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй боллоо. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнууд автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө.

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.  Энэ дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлнэ.

ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ

Монгол хэлний тухай хуулийн 11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий. Энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах юм. Эдгээрт эрүүгийн ял онооно.

Эрүүгийн тухай хуульд:

“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Зөрчлийн тухай хуульд:

“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ 10-25 ХУВЬ БОЛНО

Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны 8-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Шинэчилсэн журамд,

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч – 10 хувь

Дотоодын цэргийн офицер, ахлагч – 15-25 хувь

ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

ОДОНТОЙ ЭХЭД ОЛГОДОГ МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 2 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Засгийн газрын 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. 

УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200  мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь 2024 оныг дуустал хэрэгжсэн юм. Одонтой ээжийн мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.  

ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөснө болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэр 2025 оноос хэрэгжиж байна. 

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн юм. 

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792,000 ТӨГРӨГ БОЛНО

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь нэмж, 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧООР АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭНЭ

Жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөгийг давсан бол жолоочийг нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлнэ. Ингэхдээ өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг 15,000 төгрөгөөр тооцох юм.

АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ 2-3, ЗАМЫН ТАТВАРЫГ 5 ДАХИН НЭМНЭ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины татварыг 2-3, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, 


“Приус” 36000-аас 108000 төгрөг,

“Лексус 570” 188100-аас 564300 төгрөг,

“Портер” 30000-аас 75000 төгрөг,

“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг болгохоор тооцоолжээ.

Харин зам ашигласны төлбөрийг,

2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000 төгрөг,

2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас 150000 төгрөг,

4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон юм. 

Хуваалцах:

|
Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж агаарын чанар сайжирлаа

Цас орж агаарын чанар сайжирлаа

17 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

1 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ

Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.