dobu.mndobu

Л.Оюун: Хэлэлцүүлгийн үеэр дутсан хүсэл одоо гарч ирээд төсөв тодотгоно гэдэг маш эргэлзээтэй

Л.Оюун: Хэлэлцүүлгийн үеэр дутсан хүсэл одоо гарч ирээд төсөв тодотгоно гэдэг маш эргэлзээтэй

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийг баталж, үргэлжлүүлэн төсвийн тодотгол хийхээр тогтоол гаргаад буй. Төсвийн талаар Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа. 

-ЗАСГИЙН ГАЗАР "ГҮРИЙГЭЭД", ТӨСВИЙН ТОДОТГОЛ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

-2025 оны төсөв маргаан дагуулж, эцэст нь Засгийн газрын өргөн барьсан төсөл тэр чигээрээ батлагдлаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх үеэр хэлэлцүүлэг хангалттай өрнөөгүй. Гишүүдийн зүгээс гарсан төсвийн зарлагыг бууруулах, хувийн хэвшлийн татварын орчин хумигдаж, бизнес эрхлэх боломжгүй болж байна гэдэг шүүмжлэлийг огт тоосонгүй. Ердөө л "Засах цаг байхгүй. Бид хуулиа барьсан. Тиймээс одоо тоонд өөрчлөлт оруулах боломжгүй" гэдэг хандлагаар хүч бүрэн баталлаа. Хамтарсан Засгийн газар хамгийн хазайх эрхгүй байх атал хамтдаа хөтлөлцөөд төсвөө дагаад нураад уначихлаа.

Товчхондоо бол, хэлэлцүүлэг биш танилцуулга хийгдсэн. Өөр юу ч биш.  

-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа нэр бүхий гишүүд Засгийн газрыг төсвийн төслөө буцаан татахыг шаардаж эхэлсэн. Гэсэн ч Засгийн газар үл тоосоор, арванхоёрдугаар сард багтааж төсвийг танах тодотгол хийхээр боллоо. Төсвийн хууль батлагдсаны дараа үргэлжлүүлэн тодотгол хийхээр болж буй анхны тохиолдол болж байна уу?

-Тийм ээ, Монгол Улсын түүхэнд анх удаа төсвөө баталчихаад араас нь тодотгол хийх УИХ-ын тогтоол гарч байна. 126 гишүүнтэй парламент анх удаа төсвөө батлахдаа урсгал зардлыг урд хожид байгаагүй нэмж оруулснаас болж 2025 оны төсөвт тодотгол хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Тодотгол хийх хугацаа бас хавчигдмал байгаа. Хэрэв энэ арванхоёрдугаар сард багтааж тодотгол хийхгүй бол 2025 онд энэ төсвөөр ажиллана гэсэн үг. 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийг баталсны дараа арванхоёрдугаар сард багтааж тодотгол хийнэ гэж мэдээлсэн. Тэгсэн хэрнээ тогтоол гаргахдаа "2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж тусгасан байгаа юм. Энэ нь ил болж, олны анхааралд ормогц "2024 оны арванхоёрдугаар сард багтаан" гэж зассан гэх мэдээлэл гараад байна. Үүнээс харахад төсвийн тодотгол хийхгүй байх хүсэлтэй хүмүүс байна уу гэж хардахаар байгаа юм. УИХ-аас тогтоол гаргаж, чиглэл өгдөг ч түүнийг нь Засгийн газар биелүүлээгүй тохиолдлууд бий. Засгийн газраас төсвийн тодотгол УИХ-д өргөн барихгүй байх магадлалтай юу?

-Магадлал өндөр байна. Засгийн газар "гүрийгээд", төсвийн төслийг энэ хэвээр хэрэгжүүлэхээр байна гэж харж байгаа.

Засъя гэж бодсон бол, сэтгэл байсан бол шүүмжлэл өрнөж байхад нь жаахан ч гэсэн нааштай хандах байсан. Гарц, шийдэл хайж олох байсан.

Харамсалтай нь "Цаг нь тулчихсан", "Тоонуудыг өөрчлөх боломжгүй" гэсээр байгаад баталснаас харахад тэдэнд үнэхээр төсвөө засах хүсэл, зориг байсангүй гэж уншигдаж байгаа юм. Тэр үед дутсан хүсэл одоо гарч ирээд, төсвийг тодотгоно гэдэг маш эргэлзээтэй. 

-ИРЭХ ОНД ТӨСӨВ ЭНЭ ХЭВЭЭР ХЭРЭГЖВЭЛ МОНГОЛД ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ ХАРАГДАХГҮЙ, ХЭДЭН ХҮН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ДУРААРАА АШИГЛАХ БОЛНО-

-Тодотгол хийхгүйгээр, энэ хэвээр хэрэгжүүлбэл ямар эрсдэл биднийг хүлээж байна вэ?

-Маш олон эрсдэл бий.

Нэгдүгээрт, татварын дарамт бий болж, хувийн хэвшлийнхэний үүрэх ачаа улам нэмэгдэнэ. Засгийн газар 2025 оны төсөвт татварын хэмжээг 10.5 их наяд төгрөг байхаар төсөвт тусгасан. Төр төсвийн гүйцэтгэлээ бүрдүүлэхийн тулд татвар төлөгчдийн халаас хотыг тэмтэрнэ. 2024 оны төсвийн гүйцэтгэлийг харахад 117 хувиар давж биелсэн ганцхан үзүүлэлт байгаа нь татвар. Яг тэр зарчмаар ирэх жил татвараа бүрдүүлэхийн тулд төр бүх талаараа ажиллаж эхэлнэ. Энэ хэрээр хувийн хэвшлийнхэн сөхөрнө гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Сайд нарын мэдлийн мөнгө нэмэгдсэн. Тэгэхээр сайд нар тэр хэмжээгээрээ зарцуулна гэсэн үг. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болно.

Нэг л зүйлийг хэлье. Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй. Гүрийтлээ ажиллаж байгаа татвар төлөгчдийн мөнгө л байгаа. Татвар төлөгчдийн мөнгө эргээд тэднийг сайхан ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулагдахгүй болох гээд байна.

Хэрэв 2025 оны төсөв батлагдсан чигээрээ хэрэгжвэл Монгол Улсад хөгжил цэцэглэлт харагдахгүй, хэдэн хүн татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо үрж, улс төрийн зорилгодоо ашигласан зүйл болж хувирна. 

Гуравдугаарт, төр өөрөө бизнес хийх гээд байна. Төр бизнесийн компани биш. Төр бол үйлчилгээний байгууллага. Ард түмэн яавал сайхан амьдрах вэ, компаниуд яавал дарамтгүй ажиллах вэ, ажлын байр хэрхэн бий болгох вэ гэдэгт үйлчилдэг байгууллага болохоос компани байгуулж, хувийн хэвшлүүдтэй өрсөлдөх ёсгүй. 2025 оны төсөв хэрэгжиж эхэлбэл ийм байдал үүснэ.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ ХУУЛЬТАЙ БОЛОХ ЁСТОЙ-

-Жил ирэх тусам төсвөө улам тэлээд, зарлагаа хэдэн их наядаар нэмээд байна. Эдийн засагчид болон судлаачид шүүмжлэлтэй ханддаг ч УИХ баталсаар байгаа. Энэ удаад ч мөн "гүрийсээр" баталлаа. Ийм байдлыг зогсоохын тулд цаашид яах ёстой гэж харж байна?

-Үүнийг зогсоох гарц бий. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулж, эгүүлэн татдаг хуультай болох ёстой.

Одоо УИХ-ын гишүүд хэний ч үгийг сонсохгүйгээр, "Би бүгдийг мэднэ. Намайг хэн ч яаж ч чадахгүй" гэсэн байдлаар хэт дур зоргоороо аашилж байна. Эгүүлэн татах хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр тэд гишүүнийхээ суудлаас буухгүйн тулд ажлаа илүү хариуцлагатай хийдэг болно. 

УИХ-д таван намын төлөөлөл байгаа үед ийм хуулийг нэн даруй батлахгүй бол дараа жил төсөв дахиад л хэт өндөр зарлагатайгаар батлагдах эрсдэлтэй. Энэ удаад бид хохирлоо гэж бодъё. Дараа жил дахиж алдахгүйн тулд алдаа гаргаж байгаа суурийг өөрчлөх ёстой. Гаднын орнуудын гишүүд, сайд нар хариуцсан салбарт нь асуудал гарах төдийд хариуцлага хүлээж, ажлаа өгдөг. Гэтэл манай дарга нар улайхгүйгээр үл тоож байна. Ингэж болохгүй. 

 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭД ТӨСВИЙН ЗАРДАЛ ХЯНАДАГ ИНСТИТУТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ-

-Өөр нэг зохицуулалт хийх ёстой нь зардлаа нэг бүрчлэн тайлагнадаг болох. 

2025 оны төсөвт урсгал зардал хэт өндөр дүнтэй туссан. Урсгал зардал гэдэг урсаад л яваад өгдөг, буцаж орж ирэхгүй. Тиймээс энэ зардлыг сайн хянах ёстой. Сайд нар томилолтод явж, хурал зохион байгуулж болно. Үүнд зарцуулж байгаа төгрөг тутмаа тайлагнадаг болох хэрэгтэй. Үүнийг нь хянахдаа Ерөнхийлөгчийн дэргэд олон намын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг багтаасан институт байгуулах нь зөв. Тэгвэл Засгийн газар дураараа дургих нь багасаж, сайд нарын хэн нь хэн бэ гэдэг нь харагдана. Би Ерөнхийлөгчид л найдаад байгаа юм.

-Уг нь “Шилэн данс” байгаа шүү дээ?

-Шилэн данс гээд байгаа ч тэнд тайлан нь огт байдаггүй. Зарим байгууллагын зарцуулалтын ерөнхий дүнг харж байгаа боловч бид юу ч хийж чадахгүй байна. 

Мөн төсвийн төсөл болохгүй байгааг мэдсээр байж 126 гишүүн яагаад кноп дараад баталчихав гэдэг нь том хардалт дагуулж эхэллээ. Төсвийн зарлага нь хэдэн их наядаар данхайчихаад байхад мэдсээр байж яагаад кноп дарчихсан бэ гэдэг асуулт байгаа юм. Тиймээс тэдэнд дарамт шахалт байна гэж харах үндэслэл бий. Эсхүл эдийн засгийн ямар нэгэн хөшүүргийг тэдэнд гаргаж өгсөн. Энэ нь манай парламентын тогтолцоо засахаас өөр аргагүй болтлоо ялзарчихсан байгааг харуулж байна. Энэ ялзарсан тогтолцоог засах арга нь дээрх хоёр зохицуулалт.

-Гаднын орны тийм туршлага байдаг уу?

-Гаднын оронд байхгүй ч гэсэн Монголд байж болно. Манай улс үнэхээр болохгүй байгаа юм чинь түүнийг нь засах өвөрмөц арга олж, хэрэгжүүлье л дээ.  

-Засгийн газраас төсвийн тодотгол өргөн барихгүй бол сүүлийн арга нь Ерөнхийлөгч хориг тавих болж таарна...

-Ерөнхийлөгч 2025 оны төсвийн батлагдах магадлалаа бодоод хэсэгчилсэн хориг тавьж болно. Бүхэлд нь хориг тавибал хугацаандаа засаж, оруулж ирж амжихгүй нөхцөл үүснэ. Тиймээс хамгийн үрэлгэн байгаа хэсэгт, тухайлбал урсгал зардалд хэсэгчлээд хориг тавих хэрэгтэй. Ерөнхийлөгчид л найдъя даа. 

Хуваалцах:

|
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.