0
Огноо2024-12-31
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт болов
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ–Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсгэх зорилготой энэхүү олон улсын чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлгээр Монгол, Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцсон.
Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс, үндэстнүүдийн төлөөлөл дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойг хүртэлх бүс нутгийг хамрах Алтайн язгуур соёлын талаар энх тайванч, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцсэн юм.
2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд болсон тус чуулга уулзалтад 11 улсын 60 илтгэгч, нийт 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болохтой холбогдуулж бэлтгэл ажлыг хангалаа
Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоотой болох өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсны дагуу 2024 оны 05 дугаар сард:
-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
-Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Эдгээр хуулиудыг батлан, хэрэгжүүлснээр парламентад ард түмний, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, сонгодог парламентыг төлөвшүүлэх чиглэлээр шинэчлэл бий боллоо.
Түүнчлэн, 126 гишүүнтэй болох бэлтгэлийн хүрээнд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд болон Байнгын хороодын танхимуудад шинэчлэлт хийсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлсэн санал хураалт бүхий микрофоны болон дуу, дүрсний системийн техник хэрэгслийг шинээр суурилууллаа.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголууд зохион байгууллаа
Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой хэрэг бүхий асуудлаар хянан шалгах түр хороод байгуулж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулан иргэний мэдэх эрхийг хангасан.
2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар хяналт шалгалтын гурван түр хороо байгуулагдаж, дараах сонсголуудыг зохион байгууллаа.
1. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол,
2. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол,
3. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол.
Хяналт шалгалтын түр хороод үйл ажиллагааныхаа хүрээнд түр хорооны 44 тогтоол баталсан ба Улсын Их Хурлын хоёр тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл өгчээ.
Хянан шалгах түр хороод нь тухайн асуудлын шалтгаан, бодит нөхцөл байдлыг шинжлэн тогтоож, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаарх үнэн бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгон, иргэний мэдэх эрхийг хангаж, ил тод болгож буй төдийгүй цаашид хяналтыг чангатгах чиглэлээр шийдвэр гаргаж буйгаараа ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр явагдсан Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдлаа. Ээлжит сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас нийт 68, Ардчилсан намаас нийт 42, ХҮН-аас нийт найм, Үндэсний эвслээс нийт дөрөв, Иргэний Зориг-Ногоон намаас нийт дөрвөн нэр дэвшигч сонгогдон, улс төрийн таван намын болон нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Улсын Их Хурлын гишүүдийн 32 нь буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Монгол Улс Ази тивдээ тэргүүлэх байранд ирлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр олонх болсон Монгол ардын намаас Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэн, гишүүдийн олонх дэмжсэнээр Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан анхдугаар чуулган дээр хэлсэн үгэндээ хүний эрхийг хангах, хамгаалах явдал нь төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно хэмээн тэмдэглэв.
Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилсон. Парламентад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын үүрэг, хариуцлага 126 гишүүнтэй шинэ парламентаас эхлэн улам нэмэгдэхийг томилгооны үеэр Улсын Их Хурлын удирдлагуудаас анхаарууллаа.
Ес дэх удаагийн парламент хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 2024 оны ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа,
1. “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”
2. “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”
3. “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” гэсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг үндсэн чиглэл болгон баримталж ажиллахыг тэмдэглэв.
“Гурван төгөлдөршил”-ийн бодлогын хүрээнд 2024 оны ээлжит бус чуулганаар,
-Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлийн хүрээнд 22 ажлын хэсэг,
-Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлийн хүрээнд 6 ажлын хэсэг,
-Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсэг, нийт 54 ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, ажлын хэсэг бүрд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталлаа
Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгасан бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” байх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний онцлогын талаар “Энэ удаагийн парламентаас батлах хууль тогтоомжууд иргэний эрх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад онцгой анхаарна” хэмээн тэмдэглэв.
Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэв
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг Улсын Их Хурлаас “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар өргөн цар хүрээгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай" тогтоол баталсан нь анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалахаар тусгажээ.
Түүнчлэн, анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хүүхэд, залууст зориулан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах контентууд, хичээлийг боловсруулж, 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээж, “Үндсэн хууль - 100 жил: Санан тунхаглах ирээдүй” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг Үндэсний төв архивтай хамтран Үндэсний түүхийн музейд дэлгэж олон нийтэд үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан төдийгүй “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг хоёр удаа хэлэлцэн батлав
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр удаа баталсан нь онцлох үйл явдал боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, Улсын Их Хурал хоригийг хэлэлцэж, бодлого, эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэрийн дагуу 2025 оны төсвийн төслийг хоёр дахь удаагаа боловсруулан, Улсын Их хурал тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хэлэлцэн, баталсан юм. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг баталсны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой бас олон талын сургамжтай байсныг онцлоод, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёр удаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино хэмээн тэмдэглэсэн билээ.
Улсын Их Хурлын гадаад харилцаа, парламентын хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөв
Монгол Улсын Их Хурлын гадаад харилцаа, парламентын хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр дараах онцлог арга хэмжээнүүд өрнөв.
2024.03.07. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотой албан ёсны яриа хэлэлцээ хийлээ.
2024.02.27. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламент хоорондын зөвлөгөөний байнгын механизмыг байгуулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
2024.04.23. Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр Парламентын тэргүүн нар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, харилцан айлчлал идэвхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байгааг онцлохын зэрэгцээ дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.
2024.10.16. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Парламентын тэргүүн нар өргөтгөсөн уулзалт хийж, Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж байгааг харилцан тэмдэглэв.
2024.10.13-17. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзахдаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.
Эх сурвалж: УИХ-ын Иргэд, олон нийттэй харилцах газар
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
23 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
13 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
6 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
20 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.