dobu.mndobu

Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа

Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа

Эрт урьдын цагт биш энэ цаг үед итгэхэд бэрх, ойлгоход хэцүү нэгэн үйл явдал Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК дээр болжээ.

Маш энгийнээр тайлбарлавал уншигч та жижигхээн талхны цехтэй. Талх үйлдвэрлэхэд шаардлагатай бүх түүхий эд мөн л танд бий. Гэтэл та талхны цехээ огт танихгүй хүнд түрээсэлчихсэн. Талх үйлдвэрлэхэд шаардлагатай бүх түүхий эдээ тэр хүндээ үнэгүй өгчихсөн. Гэсэн атлаа та талхаа тэр хүнээс худалдаж авдаг байвал яах вэ. Таны энэ үйлдэл эрүүл саруул хүний үйлдэл мөн үү...

Тэгвэл дээрх жишээтэй яг ижил үйл явдал төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК дээр болж байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Салхитын алт-мөнгөний ордын лицензийг эзэмшдэг. Мөн баяжуулах хоёр үйлдвэртэй. Энэ компанид түүхий эд байна. Баяжуулах үйлдвэр нь байна. Тэр ч байтугай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж алт, мөнгөө гулдмайлах боломжтой. Гэтэл “Эрдэнэс алт ресурс” ХХК нь баяжуулах хоёр үйлдвэрээ ямар ч үнэ төлбөр авалгүй бусдад үнэгүй ашиглуулдаг юм байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК  719 сая төгрөгийн өртөгтэй Баяжуулах-1 үйлдвэрээ “Аглаг хангайн уулс” ХХК-д үнэгүй ашиглуулж байна.

“Эрдэнэс силвер ресурс” /Эрдэнэс алт ресурс/ ХХК нь “Аглаг хангай уулс” ХХК-тай 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр ЭСТР/ТГ/01 дугаартай гэрээ байгуулжээ. Гэрээгээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь өөрийн өмчийн Баяжуулах 1 дүгээр үйлдвэрээ “Аглаг хангайн уулс” ХХК-д түрээслэхээр болсон байна.

Дараа нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2022 оны 10-р сарын 31-ний өдөр  ЭСР/АГГ/46 дугаартай “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ”-г “Аглаг хангайн уулс” ХХК-тай дахин байгуулжээ.

Гэтэл 2023 оны 12-р сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 23/НГ-2/ЭСР/46 дугаартай нэмэлт гэрээг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭСТР/ТГ/01 дугаартай түрээсийн гэрээг дуусгавар болгож, цаашид Баяжуулах 1 дүгээр үйлдвэрийн эд хөрөнгийг “Аглаг хангайн уулс” ХХК-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ашиглуулахаар болсон байна. Энэ үед “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирлаар  С.Баярмөнх ажиллаж байв.

“Аглаг хангай уулс” ХХК нь хүдэр боловсруулсны төлбөрт зөвхөн 2024 онд 16,460,154,788 төгрөгийг авчээ.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь 7.5 тэрбумын өртөгтэй Баяжуулах 2-р үйлдвэрээ “Соёолон интернэшнл” ХХК-д үнэгүй ашиглуулж байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Баяжуулах 2 дугаар үйлдвэрийн туршилтын тохиргооны ажлыг гүйцэтгүүлэхээр  2022 оны тавдугаар сарын 17-ны өдрийн АГГ-08/22 дугаартай гэрээг  “Соёолон интернэшнл ХХК-тай байгуулжээ.

Дараа нь 2024 оны  зургаадугаар сарын 14-ны өдөр “Соёолон интернэшнл” ХХК-тай байгуулсан ЭАРХХК/2024010148 дугаартай “Хүдэр боловсруулалтын ажил, Баяжуулах 2 дугаар үйлдвэр ажил гүйцэтгэх гэрээ”-ээр Салхитын мөнгөний ордын хүдэр Баяжуулах 2 дугаар үйлдвэрийн  өдөр тутмын үйл ажиллагааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн хариуцан хэвийн жигд тасралтгүй ажиллуулж, чанарын шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэхээр гэрээ байгуулсан байна.

“Соёолон интернэшнл” ХХК нь хүдэр боловсруулсныхаа төлбөрт зөвхөн 2024 онд  нийтдээ 22,083,926,373 төгрөг авчээ.

Төрийн үйлдвэрийг үнэгүй ашиглаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн хэт давуу эрхийг эдэлж байгаа “Соёолон интернэшнл” болон “Аглаг хангайн уулс ХХК-иудын талаар дараагийн дугаартай дэлгэрэнгүй хүргэнэ.

Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК дээр бусдад хэт давуу эрх олгосон, удирдлагууд нь амарч зугаалсан, тендер будилуулсан үлгэр мэт үйл явдлууд болсоор байна. Хууль бус байж мэдэх энэ үйлдлүүдийг хянах ёстой олон дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр цалин, урамшуулал авдаг. Тухайлбал, дээрх үйлдлийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал Э.Ууганбаяр хянах ёстой. Э.Ууганбаярыг  “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн 12 хүн хяналт тавьж ажиллах үүрэгтэй.  Эдгээр хүмүүс “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн өмчийг үнэгүйдүүлж байгаа энэ “гэмт хэрэг”-ийг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөн гэж үү.

ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал аа. Таны хариуцаж байгаа “Эрдэнэс алт ресурс" ХХК Баяжуулах үйлдвэрээ бусдад үнэгүй ашиглуулна. Дээрээс нь түүхий эдээ үнэгүй нийлүүлнэ. Тэгснээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авч байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа, хэн нэгэнд давуу байдал бий болгож байгаа энэ үйлдлийг та мэдэж байгаа юу.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

24 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.