dobu.mndobu

Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй

Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй

2025 оны нэгдүгээр сарын 11-ий өдөр Х.Пүрэвбадам /эмч,сэтгэл судлаач/ нэртэй цахим хуудаснаас “Ханборгоцойн шүүс хүний гэдсэнд дэх шимэгч хорхойг задалж, устгаж буй бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэг 2300 реакц, 53 сэтгэгдэл авч, 476 удаа цааш түгээгдсэн байна.

Тэгвэл тухайн мэдээллийг Монголын баримт шалгах төв /Mongolian Fact Checking Center /-өөс нягталжээ.

Баримт шалгалтын үр дүнд:

-Ханборгоцойнд агуулагдах бромелайн ферментийн боловсруулсан хэлбэр нь зарим төрлийн өвчин үүсгэгч, шимэгчийн эсрэг үр нөлөөтэй талаар судалгаа байгаа. Гэсэн ч тухайн жимсний шүүсийг шууд хэрэглэх нь шимэгч хорхойг бүрэн “устгана” гэсэн баттай судалгаа одоогоор байхгүй. Мөн уг ферментийн шинж чанар, ашигтай байдлыг сайжруулах үүднээс илүү нарийн судалгаа хийсээр байгаа юм.

Баримт шалгалтын явц:

Шалгаж буй мэдээлэлтэй холбогдох судалгааг хайж үзэхэд, 2008 оны “Ургамлын цистеин протеиназаар шинэ антигельминт эм боловсруулах нь” гарчигтай судалгааны бүтээл илэрлээ. Уг судалгаагаар папайя, ханборгоцой, киви, инжир гэх мэт жимсэнд агуулагддаг цистеин протеиназ хэмээх фермент нь шимэгчийн хамгаалалтын гадаргыг задалж, устгахад нөлөөтэйг харуулжээ. Судлаачид мөн шимэгчдийн нийлэг эмд тэсвэртэй болох хандлага нэмэгдэж байгааг онцолж, шинэ эмчилгээний аргуудыг эрэлхийлэх шаардлагатайг дурдсан байна. Судалгааны дүгнэлтээр дээрх ургамлын гаралтай фермент нь байгалийн антигельминт /шимэгч хорхойн эсрэг эм юм/ бодис болох боломжтойг харуулж, уламжлалт химийн эмчилгээний хувилбарт санал болгосон. Гэвч дээрх жимсний төрөл нь харшлах эрсдэлтэйг сануулж, ферментийг тогтвортой байдлыг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.

Үүнээс гадна 2021 оны байгалийн гаралтай антимикробиалуудын судалгаанд бромелайн, низин гэх байгалийн нэгдлүүд нь янз бүрийн өвчин үүсгэгчдийн эсрэг үр дүнтэйг онцолжээ. Мөн дээрх нэгдлүүдийг хослуулж эмийн судалгаанд ашиглах боломжтойг дурдсан байна. Тодруулбал, хан боргоцойнд агуудагддаг бромелайн фермент нь шимэгч болон бусад халдварыг дарангуйлж буйг лабораторийн туршилтаар ажиглажээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн захиргаа бромелайныг хүнсний нэмэлт бодисын ангилалд багтаасан бөгөөд аюулгүй гэж хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс бромелайны хэрэглээ анагаах ухаан, эмийн салбар, хүнс, гоо сайхан зэрэг олон салбарт өргөжсөн гэж үзжээ. Энэ талаар 2021 онд MDPI судалгааны санд нийтлэгдсэн бромелайны талаарх өөр нэгэн судалгаанд “Бромелайн нь бие махбодод шингэц сайтай фермент бөгөөд удаан хугацаагаар хэрэглэсэн ч ноцтой гаж нөлөө үзүүлдэггүй боловч ходоодны шүүс зэрэг хүчиллэг байдалд мэдрэмтгий байдаг. Бромелайны энэ тогтворгүй байдал нь бодисын идэвхийг бууруулж, ашигтай байдлыг хязгаарлахад хүргэдэг. Иймээс уг ферментийн тогтвортой байдлыг хянах, цэвэршүүлэх, механизм зэргийг илүү нарийн судлах хэрэгтэй” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хан боргоцойнд агуулагдаж буй бромелайн ферментийн боловсруулсан хэлбэр нь зарим төрлийн өвчин үүсгэгч, шимэгчийн эсрэг үр нөлөөтэй байж болох ч тухайн жимсний шүүсийг шууд хэрэглэх нь шимэгч хорхойг бүрэн “устгана” гэсэн баттай судалгаа одоогоор байхгүй. Мөн уг ферментийн шинж чанар, ашигтай байдлыг сайжруулах үүднээс илүү нарийн судалгаа хийсээр байгаа юм.

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

2 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.