0
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт өвчний талаар өнөөдөр /2025.01.31/ шуурхай мэдээлэл өглөө.
-Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчний тохиолдол маань амь тэмцсэн байдалтай байж байгаад өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тээвэрлэгдэн ирсэн. Өнөөдөр хүнд хэвээр байж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо.
Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол ирээд лабораторийн шинжилгээний дүн гарч байна.
Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй.
Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна.
Халууралтыг улаан, цагаан халууралт гэж ангилдаг. Менингококкын халууралт нь цонхийж цайрдаг. Халуурахаас гадна тууралт гарна.
Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг.
Улаанбурхан, салхин цэцэг өвчний тууралт хоёр, гурав хоногийн хугацаанд үргэлжилдэг. Менингококкт халдвар дээр тууралт богино хугацаанд нэмэгддэг. Тууралт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
Хордлогын шинж ихтэй, уйлагнасан, тайван бус болсон. өндөр халуурсан, цусархаг тууралттай хүүхэд байх юм бол тусгаарлаж, тусламж эмчилгээ үзүүлэх шаардлагатай.
Халдвартай хүн байж болно. Эсвэл халдварыг хамар залгиуртаа тээж байж болно. Агаар дуслын замаар халдварладаг. Ойрын зайнаас халдвар тардаг. Ийм сэжигтэй тохиолдол байвал аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.