dobu.mndobu

Ц.Оргил: 21 настай дүү нарт сөрсөн базаа хийсэн юм

Ц.Оргил: 21 настай дүү нарт сөрсөн базаа хийсэн юм

Цахим орчинд "21 настай авгай нар орж ирээд хүүхдийн карт дарчихаж байгаа юм..." хэмээх бичлэг тавигдаж 21 настай иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл тухайн бичлэгийн эзэн Ц.Оргилтой ярилцлаа. 

-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Оргил гэдэг. Одоо Автобус нэгдүгээр баазад 4 дөх жилдээ ажиллах гэж байна.

 

-Таны "21 настай авгай нар орж ирээд хүүхдийн карт дарчихаж байгаа юм..." гэдэг бичлэг сүүлийн үед их хандалт аваад байгаа шүү дээ. 21 настай хүмүүс нэлээд бухимдалтай байгаа харагдсан. Энэ талаар ярихгүй юу?

-21 настай авгай гэж юу байх вэ дээ. Маазраад л тэгж ярьсан шүү. Дүү нараасаа уучлалт гуйя.

-Анх энэхүү бичлэгээ ийм олон хүн үзнэ гэж төсөөлсөн үү?

-Ерөөсөө тэгж бодоогүй. Зүгээр маазраад л тэгээд хийчихсэн бичлэг. Ийм олон хүн үзнэ гэж бодоогүй.

-Яагаад ийм бичлэг хийсэн юм бэ?

-Анх "37-той өвөө" гээд нэг охины бичлэгийг үзээд юу яриад байна гэж бодсон. Тэгээд л сөрсөн базаа хийчихье гэж бодсон. Ихэнхдээ манай үеийнхэн 80-аад оны 40 гарсан хүмүүс л эергээр хүлээж авч байгаа юм. "Ёстой гоё хариугаа авлаа" гээд л.

-Автобусны жолооч нар иймэрхүү зүйлтэй олон тулгардаг уу?

-"Чи хэдэн настай юм бэ?" гээд асуугаад байх биш. Тэгэхгүй шүү дээ. Тийм тохиолдол байдаг. Харахад л насанд хүрсэн хүн байдаг. Энэ бол өдөр бүхэн болж байдаг л асуудал. Тиймэрхүү байдал гарсан ч гэсэн жолооч нар хэл ам хийдэггүй. Хийгээд ч яах билээ. Яасан ч гэж хэрэлдэх юм. Байнга л автобусанд болж л байдаг үйл явдал.

-Автобусны жолооч нар маш олон хүнтэй харьцдаг шүү дээ. Ажлаа хийхдээ ямар хүндэлтэй зүйлүүдтэй тулгардаг вэ?

-Хүн л болсон хойно стрессдэнэ. Ядаж автобусны кармагаас гарах гэхээр жижиг тэрэг хажуугаас ирээд гаргахгүй шахаад л. Тэр дотор олон хүн ажилтай явж байна гэдгийг боддоггүй. Би л урд нь орох ёстой гэсэн байдалтай байдаг. Урд нь явна уу, хойно нь явна уу ямар хамаа байна аа. Гэхдээ манай залуучууд ухамсартай болж байна. Олон дотор сайнтай, муутай хүмүүс байгаа шүү дээ. Ганц нэг тиймэрхүү асуудал байдаг.   

Мөн манайхан хойд хаалгаар орохдоо сэргэлэн үйлдэл хийчихсэн юм шиг байдаг. Толинд харагдахгүй гэж бодоод байдаг. Хараад мэдээд байгаа шүү дээ. Энэ том толинд бүгдийг нь харж байгаа шүү дээ. Хойд хаалгаар орж байгаа хүмүүс муухай л харагдаж байгаа шүү дээ. Төлбөрөө төлөхгүй зугтааж байгаа юм уу гэмээр муухай л байдаг. Тэр болгоныг чинь хүмүүс харж л байгаа шүү дээ. Сохор биш хараад л байж байгаа. Муухай харагддаг шүү л гэж хэлье.


Хүмүүс өөрийгөө л хуурч байгаа юм. "Би өнөөдөр үнэгүй явчихлаа ашгүй гэж байгаа юм шиг. Сандалын төлөөх дайн хийгээд ч байгаа юм шиг. Нэг тиймэрхүү л юм болдог. Арын хаалгаар дайраад байхаар энэ хаалга чинь нээгдэж хаагдахаа больчихно шүү дээ. Хэцүү л дээ.

"Дараагийн автобусанд суучих аа. Автобус ойрхон ирж байна" гээд л байхад хүмүүс ойлгохгүй чихээд л байна. Явах зам нь ойлгомжтой байхад л "Тэнд очих уу, энд очих уу" гээд л байдаг. Ялархаад байгаа юм биш л дээ. Тэрийг чинь нэг хэлнэ, хоёр хэлнэ 10 хүн дараалаад асуухаар хүн цаанаасаа уурлаж эхэлдэг байхгүй юу. Тэр нь өдөржингөө явсаар байгаад сүүлдээ стресстдэг.

-Та найзтайгаа фейсбүүк дээрээ зорчигчдыг ёожилсон богино видеонууд хийчихсэн байсан. Санаагаа яаж олдог вэ?

-Дандаа л зорчигч нараас үүдэлтэй бичлэг шүү дээ. Зорчигч нар тэгдэг болохоор л тийм бичлэг хийж байгаа шүү дээ. Түүнээс бид хоёрын зохиогоод хийгээд байгаа зүйл биш.

-Автобусын жолооч нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бэ?

-Өглөө манай А автобус гэж жолооч нарыг авдаг автобус байдаг. Тэр автобус хамгийн эртдээ 4 цаг 30 минутад хөдөлнө. Тэрнээс өмнө босоод л гэрээс гарна гэсэн үг. Тэгээд бааз дээрээ ирээд автобусаа гаргаж шалгаад авч гарна. Өдөр 12-13 цагийн хооронд бууна. Ээлжийн жолооч нь ирнэ. Үдээс хойш автобусаа авсан нь яваад орой график цагаараа буудаг. Ерөнхийдөө 09-11 цагийн хооронд бууцгаана.

-Цайны цаг нь хэдэн минут байдаг вэ?

-Аль аль эцэс дээрээ 20 минут цайндаа ордог. Тэгээд 20 минутдаа цайгаа ууна, биеэ засна гээд амжуулна шүү дээ. Хоолыг хурдан идээд сурчихсан. Ууна л гэж ярьдаг юм даа. Уугаад л гараад ирнэ шүү дээ. Нэг үеэ бодвол энд тэндхийн CU, GS25, дэлгүүр хоршоонууд нойлдоо оруулаад байдаг болчихсон.
-Автобусны жолооч нарыг хүмүүс жолоо барьж байхдаа утсаар их ярьдаг гэдэг шүү дээ. Нууц биш бол хэнтэй, юу ярьдаг юм бэ?
-Амьдралаа л яриад яваад байгаа шүү дээ. Ажлаа л ярьдаг. Чи хэзээ буух гэж байна, хаана явж байна, наана чинь түгжрэл ямар байна гээд л урд талын автобус арын автобусандаа мэдээлэл дамжуулаад л тэгж явдаг. 

-Мэргэжилдээ хайртай юу?
-Мэргэжилдээ хайртай байлгүй яах вэ. Энэ том байгууллагынхаа нэг хэсэг болоод ажиллаж байгаадаа баяртай байдаг, бахархдаг. Би жолоо төгсөөд л тэрнээс хойш машин барьсан. Одоо нэлээн удчихлаа. Энэ миний дуртай ажил. Машин, техник бариад явна гэдэг чинь гоё. Тэгээд би хотын иргэн болохоор гэр бүлдээ ойрхон ажиллана гэдэг гоё. Нөгөө талаараа энэ ажил чинь бас гоё ажил шүү дээ. Манайхан "Мөнгөтэй хүнийг мөнгөгүй газар, мөнгөгүй хүнийг мөнгөтэй газар хүргэж өгдөг" тийм ажил гэж ярьдаг. Ерөнхийдөө буянтай л ажил гэж боддог юм. 

-Энэ сарын 1-нээс автобусаар 1000 төгрөгөөр зорчиж байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Автобусны үнэ 1000 төгрөг болчихсон нь миний бодлоор зөв л зүйл байх. Нэг удаа уншуулчхаад хамгийн гол нь буухдаа дараагийн автобусанд ороход дахиад 1000 төгрөг уншчихаад байгаа юм. Тэгэхдээ цаашаа гурван удаа явчихна шүү дээ. Манайхан одоо сурах байлгүй дээ. Маш олон сонголт байна шүү дээ. Картгүй явж болно. Банкны карт уншчихна. Банкны карт байхгүй бол бэлэн мөнгө хийж болж байна. Төлбөрийн бүх төрлийн хэрэгсэл гарч ирээд байна шүү дээ. Энэ тал дээр болж л байгаа юм. Тэгэхээр бие биедээ хүндрэл учруулахгүй картаа дараад л явцгааж байя.   

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.