dobu.mndobu

Ж.Энхжин: “Хэзээ гэрлэх вэ” гэж асуух нь хүний хувийн орон зай руу хэт халдаж байна гэсэн үг

Ж.Энхжин: “Хэзээ гэрлэх вэ” гэж асуух нь хүний хувийн орон зай руу хэт халдаж байна гэсэн үг

Сар шинийн баяраар ганц бие хүмүүсийн толгойны өвчин болдог нэг асуулт бий. Тэр бол "Хэзээ хүнтэй гэрлэх гэж байна вэ" гэх асуулт. Хамаатан садан, ойр тойрныхноос ирэх энэ асуултаас зарим хүмүүс хялбархан "бултчихдаг" бол зарим нь дарамтад ордог байна. Үүнээс болж хүнтэй гэрлэхээр яаравчлах тохиолдол ч байдаг аж. 

Энэ талаар "Сэтгэлийн аялал" сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Ж.Энхжинтэй ярилцлаа. 

"Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад 2022 оноос хойш гэр бүл салалтын тоо огцом нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар өдөрт 13 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж буй аж. Тоогоор хэлбэл, 2021 онд 3391, 2022 онд 4553, 2023 онд 4776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Тиймээс гэр бүл зохиохдоо яарахгүйгээр, сайн төлөвлөхийг сэтгэл судлаач зөвлөлөө. 

-Сар шинийн баяраар ганц бие залуучуудын толгойны өвчин болдог нэг зүйл нь “Хэзээ хүнтэй гэрлэх вэ” гэдэг асуулт байдаг. Энэ асуулт хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нас болгонд өөрийн гэсэн хямрал, хөгжлийн үе гэж бий. 25-30 насанд гэр бүл, карьер, санхүүтэй холбоотой хямрал үүсдэг. Гэр бүл төлөвлөлтийн тухайд, энэ насанд дийлэнх хүмүүс гэрлэдэг учраас ганц бие хүмүүст дарамт бий болдог.

Тухайлбал, сар шинийн баяраар хамаатнууд нь “Хүнтэй хэзээ суух гэж байгаа юм бэ, оройтлоо” гэж асуудаг. Энэ нь нөгөө хүнд дарамт байдлаар мэдрэгдэнэ. Уг нь бол тухайн хүн “Үеийнхэн маань хүнтэй гэрлээд, хүүхэдтэй болоод байна даа” гэж бодож, мэдэж байгаа шүү дээ. Гэтэл тэр бодлыг нь улам л гүнзгий болгоод байдаг. “Худал үгийг мянга давтвал үнэн болно” шиг хүмүүс асуугаад, шаардаад байх тусам илүү хурдан хүнтэй гэрлэх ёстой мэт санагдаж, санаа зовж эхэлнэ гэсэн үг.  

Гэхдээ хүмүүс шаардаад байна гэдэг шалтгаанаар яарч гэр бүл зохиож болохгүй. Монгол Улсад гэр бүл салалт өндөр байна. Үүний шалтгаан нь хосууд бэлэн болоогүй, эсхүл нэгийгээ таньж мэдээгүй байгаа цагтаа гэрлэж, хүүхэдтэй болж байгаатай холбоотой. Хүнтэй хамтын амьдрал зохиохоосоо өмнө “Би санхүү болон сэтгэл санааны хувьд хүнтэй гэрлэхэд бэлэн болсон уу” гэж өөрөөсөө асууж, тодорхойлох ёстой.

Дараагийн алхам нь, хосоо зөв таних.

Хосуудын харилцааны үе шат гэж бий. Эхнийх нь дурлалын үе шат. Энэ үе нь 1-2 жил үргэлжилдэг. Тэр хугацаанд хосууд бие биеийнхээ хамгийн сайхан зан чанарыг л хардаг. Хүмүүс нэгийгээ бүрэн таниагүй, зөвхөн сайхан чанарыг нь харж буй дурлалын үедээ “Энэ хүнтэй цаашид хамт амьдарч болох юм байна” гэж бодоод, гэрлэчихдэг. Энэ маш буруу.

-“Хүнтэй суусан уу” гэдэг асуултаас бултах арга бий юу?

-Үе хоорондын ялгаа гарч байгааг ойлгох хэрэгтэй. 60, 70-аад онд хүмүүс дийлэнхдээ 18 настайдаа гэр бүл зохиодог байсан. Энэ үе өөрчлөгдсөн шүү гэдгийг хэлж, ойлгуулах хэрэгтэй.  

Нөгөө талаас асууж байгаа хүмүүс ч гэсэн “Хүнтэй суусан уу” гэхийн оронд “Зөв хүнээ л олж байвал хэзээ ч гэрлэсэн болно” гэж зөвлөөрэй.

-Ер нь хүмүүсээс ирж байгаа энэ дарамтаас болоод яарч гэрлэх магадлалтай юу, тийм тохиолдол бий болов уу?

-Боломжтой. Өөрөө гэр бүл зохиож, хүүхэдтэй болоход бэлэн биш байгаа мэт санагдаж байтал ойр дотнын хүмүүс нь шаардаад эхэлдэг. Ялангуяа аав, ээж нар ач, зээгээ хармаар байна гэх жишээтэй. Ингэснээр яарч гэрлэх тохиолдол бий.

Ер нь бол хүний гэр бүл төлөвлөлтийн талаар асууж байна гэдэг бол хувийн орон зай руу нь халдаж байна гэсэн үг. Хүн бүрт өөрийн гэсэн хувийн орон зай бий. Тиймээс сар шинийн баяр гэлтгүй энгийн үед ч хэн нэгнээс гэр бүл төлөвлөлтийн талаар асуухгүй байх хэрэгтэй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.