0
-САНГИЙН САЙДЫН “АЙСАН” ШИЙДВЭР ₮215.8 ТЭРБУМЫГ АЛДАХАД ХҮРГЭЖЭЭ-
Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж сангийн мөнгөн хөрөнгийг арвижуулах нь төрийн үүрэг. Тэр дундаа салбарын сайд нарын гол ажил байдаг.
Тухайлбал, 2014-2020 оны хооронд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийт 400.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон байна.
Харамсалтай нь, 2020 оноос хойш Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулаагүй аж. Шалтгаан нь Капитал банкны дампуурал, Чингис хаан банкны эрсдэлээс үүдэлтэй юм. Товчхондоо, Капитал банкны дампуурал Сангийн сайдыг “айлгажээ”.
Сангийн сайдын эргэлзсэн шийдвэрээс болж Нийгмийн даатгалын сангийн 2 их наяд 475 тэрбум төгрөгийг 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл арилжааны банканд байршуулаагүй байна. Үүнээс шалтгаалж 215.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алджээ.
Уг нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын сангийн нийт 2 их наяд 475 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой талаар тооцоолол хийж, Монгол банк, Сангийн яаманд хүргүүлсэн байна.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020, 2021, 2022, 2023 онуудад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах тооцооллыг хийж, төслөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс санал тооцооллыг Сангийн яам болон Монгол банканд хүргүүлсэн боловч Сангийн яам зөвшөөрөөгүй байна.
Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг харгалзан үзэж арилжааны банкийг сонгож Нийгмийн даатгалын сангийн чөлөөт хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэвч Сангийн яамнаас “Арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах нь хүүгийн орлого өндөр авч байгаа ч эрсдэл өндөр. Иймд дахин эрсдэл үүсэхээс сэргийлж мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахыг дэмжих боломжгүй” гэж олон бичгээр удаа дараа илэрхийлжээ.
Ийнхүү Сангийн сайдын “айсан” шийдвэрийн улмаас 2020-2024 онуудад нийтдээ 215.8 тэрбум төгрөгийн хүү авах боломжоо алдсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.