dobu.mndobu

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол энэ сарын 18, 20-ны өдрүүдэд лабораториор батлагдсан.

Тэгвэл дээрх өгүүлэмжтэй тус өвчний гурав дахь тохиолдол мөн өчигдөр /2025.02.20/ лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээллээ. Тус гурван хүнээс нэг хүүхдийн биеийн байдал хатгаагаар хүндэрсэн хүнд байдалтай байгаа аж. 

Эдгээр хүмүүс нь гурван өөр аяллын нислэгээр ирсэн бөгөөд улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй байжээ. 

Тус өвчин манай улсад өмнө нь 2019 онд бүртгэгдсэнээс хойш ойрын таван жилд бүртгэгдээгүй байсан аж. 

Вакцинжуулалтын хувьд бага насны хүүхдийг 9 сартай, 2 настайд нь вакцинжуулалтад хамруулдаг. Тиймээс 0-9 сартай хүүхдүүд тус өвчнөөр өвдөх эрсдэл өндөр юм. 

Тэгэхээр ямар нэгэн байдлаар тус өвчний вакцинжуулалтад хамрагдаагүй, тус өвчнөөр өвдөөгүй хүн халдвар авах магадлалтай. Тус өвчний халдвар маш хурдан тархдаг аж. 

Жишээлбэл, ковидын халдвар авсан нэг иргэн дөрвөн хүнд халдвар тараана гэж тооцоолдог бол улаан бурхан өвчнөөр өвдсөн иргэн нийт 15 хүртэлх хүнд халдвар тараах эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл тус өвчний халдвар авсан хүнтэй ойрхон зөрөх, нэг өрөөнд ороод гарахад л халдвар авах 100 хувийн эрсдэлтэй. 

Тиймээс вакцинд хамрагдаагүй хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс зөвлөлөө. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:

-Хоёрдугаар сарын 12-ноос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна.

Эдгээр хүмүүс нэг аяллаар бус өөр өөр аяллаар ирсэн байсан. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам улсад улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлэгдсэн байна. Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд хатгаагаар хүндэрсэн байгаа.

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.