0
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас цагаан сараар хоёр өдөр амраад, шинийн 4 буюу даваа гарагаас ажил эхлэх шийдвэр гарсан. Харин энэхүү шийдвэрийг зарим иргэд эсэргүүцсэн билээ.
Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын шинийн 1, 2, 3-нд амрахаар заасан байдаг. Гэвч энэ жилийн тухайд билгийн тооллоор шинийн нэгэнгүйгээс гадна үлдсэн хоёр өдөр нь амралтын хоёр өдөр таарсан юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын "Олон нийттэй харилцах 11-11 мэдээллийн төв"-д ирсэн иргэдийн санал гомдлыг үндэслэн хэлэлцэхээр болсон. Уг мэдээллийн төвд өнгөрсөн долоо хоногт 257 иргэн Цагаан сарын амралтыг сунгуулах асуудлаар санал гомдол гаргасан аж.
Улмаар Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдийн амралтад зохицуулалт хийх буюу “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, иргэд гуравдугаар сарын 1-нээс 5-ныг дуустал амрахаар болов.
Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр амралтын хоногоо сунгуулж ямар ч байсан чадлаа. Гэхдээ одоо дахиад гурав хоногийн бууз хийх ажилтай болов. Иргэдийн хувьд ихэнх нь сар шинийн бэлтгэл ажлаа базаагаад дуусчихсан. Мэдээж сар шинийн амралт сунгагдсан учир зочин гийчин нэмэгдэнэ. Энэ хэрээр бэлэг сэлт, бууз, баншаа нэмэх ажилтай боллоо.
Одоо нэгэнт цаг нь тулчихсан хойно яалтай ч билээ. Тог цахилгаангүй хөдөөгийн малчдад нэмэх градуст олон хоног идээ шүүсээ хадгална гэдэг л асуудал болж байна. Ямартай ч ирсэн зочдын гарыг дээш нь харуулах хэдэн бэлгээ яаж ийж байгаад хүргэхээс өөр арга алга.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.