dobu.mndobu

Сурвалжилга: Иргэдийн амьдрал тартагтаа туллаа

Сурвалжилга: Иргэдийн амьдрал тартагтаа туллаа

Манай улсын инфляц энэ оны эхний сард 9.6 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Инфляц өсөхөд хүнсний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 2.7 нэгжээр буюу 28 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн аж. Харин экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан юм. 

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ болон халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гаргасныг мэдэгдсэнээр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж бухимдацгааж байна.

Тодруулбал тэрбээр “Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмэх зохицуулалт гарсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 16-наас ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь инфляцыг улам өдөөнө. Одоо инфляц улсын хэмжээнд 9.6 хувь байна гэв. Үүнээс урьтаж бодлогын хүүг 10-аас 12 хувь болголоо” хэмээсэн юм.   

"Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй хүүхдүүдийнхээ тусаар л амьдарч байна"

Иргэн В.Долгоржав:
-Бид тэтгэврийн хүмүүс. Тэтгэврийн хэдэн төгрөг хаана ч хүрэхгүй. Бүх юм л хэцүү байна. Улсын эмнэлэгт цаг авъя гэхээр хамгийн багадаа нэг, хоёр, гурван сар хүлээж байж нэг үйлчлүүлдэг. Хувийн эмнэлэгт нь үзүүлье гэхээр мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй хэцүү л байдаг. 
Хэрэглээний барааны үнэ өссөн нь өдөр тутамд л мэдэгдэж байгаа. Өнөөдөр нэг үнэтэй байхад маргааш нь орохоор 200, 300, 500 төгрөг нэмэгдчихсэн байдаг. Тэгэхээр бидний амьдрал хамгийн доод цэгтээ л орчхоод байна. 


Тэтгэвэрт гарахад албан газрын тушаал гээд хамга бичиг баримт нь устаж алга болчихсон.Тийм болохоор тэтгэврийн хамгийн доод хэмжээ авдаг. Түүнээс тэр тушаал, санхүүгийн баримтууд нь байсан бол бид арай л гайгүй тэтгэвэр авах ёстой байхгүй юу. Тэгтэл бүх юм нь устаад алга болчихсон. Тиймээс тэтгэврийн доод хэмжээ авдаг болохоор тэтгэвэр хаана ч хүрдэггүй. Хүүхдүүд л туслах юм даа. Хүүхдүүдийнхээ тусаар  л нэг юм явж байна. Тэд чинь бас өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Тэд нараас тав, 10 төгрөг зулгаагаад амьдарна гэдэг чинь бидэнд хэцүү л байна. 

"Бидний төлсөн цахилгааны мөнгө хааччихсан юм бэ"

Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш

Эдийн засагч Л.Оюун:

-Цахилгааны үнэ өслөө гээд энэ өссөн мөнгө одоо хаана байна. Энэ чинь уг нь цаашдаа цахилгаан станцаа өргөжүүлэх шинэчлэх юманд зарцуулагдах ёстой шүү дээ. Ингээд өсгөөд өсгөөд авчихсан мөнгөний тооцоолол одоо маш чухал байгаа юм. Тэр мөнгө хаана байна вэ гэж Засгийн газраас асуумаар байдаг юм. Бид цахилгааны үнэ өсөж байна гээд л халаглаад л мөнгөө нэмээд өгөөд л байдаг. Тэр мөнгөний зориулалт хаана байгаа юм гэдгийг асуумаар байгаа юм. За яах вэ одоо гурван сар цуглуулчихлаа. Хэдэн төгрөг цуглуулчхаж байгаа шүү дээ. Тэр мөнгөөр юу хийж байгаа юм. Тэр мөнгөөр юу хийх гэж байгаа юм. Тэрний төсөл хаана байгаа юм гэдэг асуудал. Мөнгө нэмж нэмчхээд хэн аваад хаашаа хэрэглээд байгаа нь ойлгогдохгүй байна шүү дээ. Энэ маш том асуудал байхгүй юу.

Ганцхан дулаан болон усны үнийг өсгөх бол гаргалгаа огт биш. Төсвийн алдагдал байхаар ард түмнийхээ нуруун дээр үүрүүлчхээд тэр алдагдлаа нөхнө гэдэг бодлого явуулж байж ерөөсөө болохгүй. Ямар ч эдийн засгийн эцсийн ганцхан зорилго байдаг. Тэр нь ард түмнийхээ амьжиргааны түвшнийг дээшлүүлэх. Ингээд л болоо. Гэтэл эдийн засаг маань өнөөдөр ард түмнийхээ амьжиргааны түвшнийг дээшлүүлж байна уу, доошлуулж байна уу гэдгээс Засгийн газарт дүн тавьж болно л доо. Дээрээс нь татварын асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр маш алсын хараатай бодлого явуулах хэрэгтэй.


Миний харж байгаагаар 14 мега төсөл их зөв. Энэ бас л хугацаа шаардана. Энийг яг зорьсноороо явуулчих юм бол эдийн засгийг яваандаа гайгүй бариад авч чадах байх гэж бодож байгаа. Энэ дээр хоёр юм байгаад байгаа юм. Яг Засгийн газрын төсөв хөрөнгөөр энэ 14 төслийг явуулж чадахгүй. Үүнд маш их мөнгө шаардагдана. Олон улсад байдаг аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь ямар арга байдаг вэ гэхээр энэ мега төслийг явуулахад гаднын хоёр, гурав, дөрөв дэх орнуудтай хамтраад хамтын хөрөнгөөр энийг босгох юм бол цаг хугацаа хожно, хөрөнгө хэмнэнэ, эрсдэлээ хуваана. Төсөл олон улсын оролцоотой байгаа болохоор бие биедээ хяналт тавиад явуулчихна. Идэж, ууж дундаас нь мөнгө завших нүх сүв нь хаагдана. Их олон талын ач холбогдолтой. 


Тэгэхээр бид зөвхөн гаднаас мөнгө зээлээд энэ төслийг явуулаад байх нь гол биш. Харин зээлэх мөнгөнийхөө оронд гаднын орнуудын хөрөнгийг татаж оруулж ирэх арга замыг хайвал их зүгээр гэж харагдаад байгаа юм. 

Одоогийн энэ инфляцыг “зардлын инфляц” гэж нэрлэж байгаа юм. Зардал өссөн учраас инфляц өссөн. Зардал гэдэг нь нөгөө цахилгааны үнээ л хэлж байгаа юм. Дээхэн үед "хүлээлтийн инфляц" байсан. Хүлээлт гэдэг нь юмны үнэ өсөх байх гэдэг хүлээлтээс инфляц өсдөг байсан бол өнөөдөр зардлын инфляц гараад ирлээ. Тэгэхээр зардлын инфляцыг бууруулахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрээ өсгөхөд л гарц нь байгаа юм. 

"Хамхуул шиг засаг байж болохгүй"

Иргэн Д.Баярсайхан: 
-Иргэн хүний хувьд цагаа олоогүй  л үйл ажиллагаа гэж бодож байна. Саяхан сонгууль болсон. Энэ их үнийн хөөргөдөл дарамтын дараа ард түмний нуруун дээр асар их ачаалал өгч байна гэж ойлгож байгаа. Тийм урчаас Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээгээ болж өгвөл ухаалаг эрдэмтэн мэргэд, боловсон хүчнүүдтэйгээ ярилцаж байж шийдэж байгаасай гэж хүсэж байна. 


Түүнээс дур зоргоороо энд тэндээс энгийн хүмүүсийн саналыг аваад хамхуул шиг засаг байж болохгүй л гэж боддог. Монголчууд хэт их нийгмийн халамжид орчихлоо. Иргэдийг ажил хийхгүй гадагшаа явчихлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Нийгмийн халамж гэдэг бол бид үр хүүхдүүддээ өгч байгаа 100 мянган төгрөг, тэтгэврийнхэндээ нэмж өгч байгаа хэдэн төгрөг. Нэг сарын 600 мянган төгрөгөөр настай хөгшчүүл яаж амьдрах вэ өнөөдөр. Талх, будуу нь хэр үнэтэй болсон билээ. Дэлхий глобалагдчихсан энэ үед хэн ч гэсэн хэцүү амьдрахыг хүсэхгүй л гэж боддог. Залуучууд өөр болсон. 


Төсвийн алдагдал яагаад бий болсон бэ гэхээр бид эдийн засагчдынхаа тооцоог нь үзэхгүйгээр хэт их бэлэн мөнгө тарааснаас болж энэ төсвийн алдагдал чинь гарч ирж байгаа шүү дээ. Энгийн хүнээр жишээ авахад өнөөдрийн авсан цалингаа маргааш юу болохыг нь бодохгүйгээр бүгдийг нь хүнд өгчхөөд дахиад хүнээс зээл авч байгаатай л адилхан. 

Иргэн Б.Минсэл:
-Ард түмний амьдрал улам л дордоод байгаа шүү дээ. Бидний тэтгэвэр хаана ч хүрэлцдэггүй. Өнөөдөр гэхэд л би сувилалд явж байна. Яах вэ нийгмийн даатгалаар л гэж байна. Өчигдөр хувийн эмнэлэг дээр очиход нэг удаагийн сэргээн засах үйлчилгээ авахад л 150 мянган төгрөг болж байсан. Хэрэв би 10 гаруй хоног явахад л нэг сая гаран төгрөгөөр явах нь байна шүү дээ. Тэгэхэд амьдрал үнэхээр хэцүү байна. Хүн бүхэн л ярьж байгаа. Энэ асуудлыг дээд шатны хүмүүс бол харж л байгаа байх. Ямар нэгэн арга хэмжээ авах л байх. Гэхдээ л эдийн засаг хэцүү байгаа. Хэзээ сайжрах бол, яах бол гээд л ард түмэн доороос харж байна. Өөр ямар ч арга алга. Бид мянга шаардаад яах юм бэ. Эдийн засаг хүнд байгаа үед цалин хэлсний зоргоор нэмэгдэхгүй байна шүү дээ. Тиймээс дээшээ л хараад сууж байхаас өөр амьдрал алга. 
Юм бүхний үнэ шат шатандаа дэндүү их нэмэгдэж байгаа. Унтаад өглөө босоход л бүх л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Шатахуун, бензин, тэр тусмаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр тутам нэмэгдэж байна. Бидний амьдрал үнэхээр хэцүү байна. 

Иргэн С.Энхбаяр: 

-Орлого нь багасаад, авах юм нь ихсээд байхаар ард түмэн хэцүүдэх л байлгүй дээ. Дулааны үнэ нэмээд байхаар ард түмэн яахаа мэдэхгүй л байна. Миний авч байгаа цалин гэхэд л амьдралд маань арай гэж л нэг юм хүрэлцэж байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1.4 хувиар өсжээ. 

"Европт юмны үнийг иргэдийнхээ амьжиргааг харж байж нэмдэг"

 Г

Тэгвэл гаднын оронд амьдарч байгаад ирсэн зарим иргэдийн хувьд "Европын оронд юмны үнэ багаар өсдөг. Их хэмжээгээр өсдөггүй. Ард түмнийхээ амьжиргааг хараад ямар бодлогоор өсгөх үү гэдгийг сайн хардаг. Монголд дулааны үнийг өсгөх нь буруу л гэж бодож байгаа. Монголчуудын амьжиргаа ямар байгаа билээ дээ" хэмээж байсан юм. 

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

15 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.