dobu.mndobu

ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх ОНЦЛОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх ОНЦЛОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр (2025.03.17) нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа 10:00 цагаас эхлэх юм.

Хуулийн дагуу УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд, хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээдэг боловч энэ жил гуравдугаар сарын 15 нь Бямба гараг таарсан учир ийн өнөөдөр нээж байна.

Хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татахуйц хэд хэдэн хуулийн төслүүд одоогоор тодорхой болоод байгаа юм. Эдгээрийн хуулийн төслүүдийн талаар хүргэж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтыг хийх Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэнэ.

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтыг хийх Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан билээ.  Уг гэрээг УИХ соёрхон батлах ёстой юм. Энэ дагуу гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдээд буй. Тэрбээр "Багагүй хугацаанд, олны анхааралд орсон Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Уг шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг үр дүн авчирна. Нүүрсний үнэ унаж байгаа, улсын төсөв дээрх нүүрсний орлого тасалдах эрсдэл үүссэн энэ үед уг шийдвэр гарсан нь чухал. Компани хооронд гэрээ хийгдсэнээр нэмж 5 сая тонн борлуулах боломж бүрдэнэ" хэмээн хэлсэн. 

Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ.

Татварыг багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.  Уг хуулийн төслийг чуулган эхлэхэд өргөн барьж, тавдугаар сарын 16-наас өмнө батлуулахаар төлөвлөж буйгаа Х.Ганхуяг гишүүн мэдэгдээд байгаа юм. 

Тэрбээр "Иргэдийн цалингаас ихэнх нь татвартаа яваад гар дээр ирж байгаа мөнгө нь бага, амьдралд нь хүрэхгүй байна. Харин ААН-үүд хуримтлалтай болж чадахгүй байна. Бүх зүйлээ татварт урьдчилж төлсөөр байгаад л зарим нь хаалгаа барих нөхцөл үүсгээд байгаа юм. Хуулийн шинэчлэлээр хөдөлмөр эрхэлдэг ч бага орлоготой иргэдээ татварын бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал яригдана. Мөн НӨАТ-ын шаталсан тогтолцоог судалж байна" хэмээн хэлсэн юм. 

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэнэ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглоно гэдгээ мэдэгдсэн билээ.

2023 оны байдлаар манай улсад эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарчээ. Хохирогчдын 9.2 хувь нь 18-29 насныхан, 47.7 хувь нь 30-39 насныхан байгаа аж. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллээс нэгтгэн дүгнэхэд манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Зөвхөн 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан. Гэвч линкнүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг дэмждэг агентуудыг сурталчилж, зохион байгуулж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох гэж байна. 

Уг хууль багтлагдан, хэрэгжиж эхэлмэгц “AppStore” болон “Мета” компани руу хүсэлт илгээж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн татах боломжгүй болгох юм. Харин спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгодог болохоор уг хуулийн төсөлд тусгажээ.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан дараагийн хууль бол Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл юм. Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр нь тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг дагалдуулан 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын хаусанд амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна. Энэ хууль батлагдах юм бол бид ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа ч юм уу, шалтаг, тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо баталж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураах ёстой. Үүнийг Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж бид авлигатай тэмцэх дээр амжилт гарган" хэмээн хэлсэн юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төслөөр сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан гэдгийг онцолсон.

Мөн Ч.Лодойсамбуу нарын гишүүд хамтран Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дахин нэг төслийг өргөн барьсан бөгөөд үүнийг Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:

|
Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж, салхи шуургатай байна

Цас орж, салхи шуургатай байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.