dobu.mndobu

Сонгуулийн үнэн төрх илчлэгдэхээс айсандаа “ноорог”-ийг нь хулгайлав уу

Сонгуулийн үнэн төрх илчлэгдэхээс айсандаа “ноорог”-ийг нь хулгайлав уу

Мэдээ, мэдээллийн сайтуудын нэгэн тод өнгө төрх болох Ноорог.мн сайтын залуусыг цагдаагийн байгууллага хоргоогоод эхэлжээ. Зүгээр ч нэг хэвшмэл мэдээллийн сайт бус хурц, шинэлэг, энгийн, хөгжилтэй гээд л орчин үеийн хэв маягтайгаас гадна “ШУДАРГА” шулуухан хэлдгээрээ олонд танигдсан хамт олон. Гэтэл юуны учир тэд цагдаагийн үүд сахиж, үүр цайтал мэдүүлэг өгөх болов.


Ноорог.мн сайтын хамт олон анхнаасаа улс төртэй хутгалдахгүй гэдгээ хэлж байсан. Гэвч хэдхэн хоногийн өмнө “улс төрийн тухай дуугарахаас өөр арга алга” гээд  сонгуулийн үеэр бичсэн “18 хоног” баримтат киног бүтээснээ мэдэгдсэн. Төд удалгүй тэднийг цэргийн баярын өмнөх шөнө хамт олноороо чөлөөт цагаа өнгөрүүлж байхад нь саатуулжээ. "Хэн хаанаас, яаж олсныг харин бүү мэд. Утсаар ч яриагүй, мэдэгдэх хуудас ч өгөөгүй атал байсан газар нь орж ирээд л цагдаагийн хэлтэс рүү аваад явсан" гэсэн юм.


Мөн оффист нь нэгжлэг хийж компьютер, баримтат киноны эх дүрс бүхий хард диск мөн хувь хүн тус бүрийн гар утсыг хурааж авчээ. Мэдүүлэг өгсөн 8 хүн тус бүрийн гар утасны кодыг өөрөөр нь тайлуулж шалгасан байгаа юм. Ингэхдээ прокурорт саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал хүргүүлсэн гэж мэдэгджээ. Харин прокурорын зөвшөөрөл ирээгүй байхад нь саатуулж, эд хөрөнгө, мэдээллийн эх сурвалж, баримтыг нь хураасан нь хуулиас ч гажууд үйлдэл гэж харагдаж байна. 

Энэ талаар Ноорог кератив ХХК-ын гүйцэтгэх захирал О.Уламсайхан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Өмнө нь би энэ газарт шинэ жилийн өдөр ирж байсан. Над руу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын бус цагаар, дандаа шөнө оройн цагаар залгасан. "Хаа байгаа газраа хэл, очиж авна" гэж хэлсэн. 


Манай баг сонгуулийн үеэр бичсэн “18 хоног” киногоо ирэх зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан. Цаашдаа гаргаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Энэ кинонд хууль бус үйл ажиллагааг бичиж авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Киноны агуулгын хувьд Монгол Улсад улс төрийн сонгууль ямар хэмжээнд шударга бус явагддаг талаар харуулах юм. Сонгуулийн үйл явцыг Монгол орны 6 газраас дүрс бичлэг хийсэн. Бидний сонгуулийн үеэр бичсэн 14 терабайт дүрсийг бүгдийг нь цагдаагийн газраас хурааж авсан. 


Гомдол гаргагч нь фейсбүүкийн зохиомол нэртэй хүн байсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар “манай бичлэгээс болж амиа хорлох гэж байна” гэж бичсэн байгаа юм. Энэхүү чатыг нь ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Тэгэхээр фейсбүүкийн зохиомол нэртэй хүн чат бичсэний төлөө биднийг шөнөөр байршлыг тогтоож, гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан байгаа юм” гэжээ.

Харин ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа С.Тайван хэлэхдээ,
- Ноорог.мн сайтын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа,нийтлэл, постер контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй ямар ч холбоогүй. Хувь хүний нууцад халдах задруулах,  цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт хэргийн сэжүүр, шинж тэмдэг байсан учраас прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хуульд заасан үүргийн хүрээнд мэдүүлэг авч явуулсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй” гэсэн юм.


Хоёр талын өгсөн мэдээлэл хоорондоо зөрсөнд ч бас хардлага төрж байна.  Тэгвэл “18 хоног” киногоо ирэх зургаадугаар сард гаргаж чадах эсэхийг мэдэхгүй байна” гэдэг үгнээс их хардлага, сэжүүрийг олж болно. Киноны тухай цухасхан ярьсан видео цахимд байршсан төдийд хойшлуулшгүй ажиллагаа явуулаад бариад авч байгаа хэргийн ард хэн байгаа юм бэ гэдэг асуулт хүн бүхэнд төрж байгаа биз. Чухам үнэн, бодитыг ямар ч хаалтгүйгээр шуудхан хэлдэг Нооргийн залуус хийсэн, бүр баримтат кино гэхээр айсан юм болов уу, тэр нууц ноён. Тэгээд ямартай ч худлаа үнэн хэрэг зохиогоод ч хамаагүй юмыг нь хурааж байгаад тэр киног нэг үзээдэхье гэж сэтгэсэн байх.  


“Гараагүй бүтээлийг урьтаж саатуулахыг оролдож байна гэдэг их юмны дохио” хэмээн UBlife сайт онцолжээ. Туйлын үнэн. ЦЕГ-ын мэдээлэлд “тэр яриад байгаа кино нь хаана байсныг бид мэдэхгүй” гэв. Тэгвэл түүнийг нь олж үзээд “аан, ийм юм хийж байгаа юм уу” гээд буцаагаад өгөх гэж байгаа хэрэг үү? Эсвэл “хувь хүний мэдээллийг олж авсан, хувь хүнийг мөрдөж мөшгөсөн” гэдэг үгээр халхавчлаад бүр мөсөн устгаад хаях гэж байна уу. 


Тухайн киног хэн санхүүжүүлж бүтээсэн, хэн хэн гол дүр болсон зэрэг нь зарим хүнд эргэлзээ төрүүлж магадгүй ч зуун хувь иргэдийн хандив, залуусын оролцоотой бүтсэн гэдгийг харж, үзэж байсан уншигчид нь цөм мэднэ. 


Ийм нэгэн хэрэг гарч олны нүдийг жаахан ч гэсэн сэрээв бололтой бүгд л энд тэнд сэтгэгдэл бичиж байна. Эд нар л нэг үнэн хэлдэг дээ гээд хүлээж суухаас залхаагүй л байна гэж үү. Гэтэл үнэн хэлдэг хэдэн залуусыг нь хоргоогоод, хийсэн юмыг нь хурааж аваад байхаар цаашид яах болж байна аа. Ингээд хаалгуулаад, шалгуулаад л байвал хэн нь үнэн хэлж байгаад итгэхэд ч хэцүү болно. 
Эцэст нь гэхэд сонгуулийн луйвар, санал худалдан авалт хэрхэн явагддагийг харуулсан бодит баримттай кино гарна гэх сургаар түүнийг нь хулгайлж байгааг та бид нүдээрээ харлаа. Одоо яах вэ.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

14 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 градус дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 градус дулаан байна

15 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Баавгай үхэр барьжээ

Баавгай үхэр барьжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.