dobu.mndobu

ХӨНДӨХ СЭДЭВ: П.Батчулуун эмчийн орон зай эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэв

ХӨНДӨХ СЭДЭВ: П.Батчулуун эмчийн орон зай эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэв

ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Энэхүү явдлаас хойш түүний мэргэжил нэгт эмч нар болон нөлөө бүхий хүмүүс цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлээд буй. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл хоригдож, зүрхний үйл ажиллагаа нь 33 хувьтай ажиллаж байгаа талаар өчигдөр /2025.03.19/ УНТЭ-ийн мэргэжил нэгт эмч нар, өмгөөлөгчийнх нь зүгээс хэвлэлд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Тус хэргийг энгийн хүний нүдээр харахад ч хүний амь нас авраад эцэст нь өөрөө буруутан болчихсон нь үнэхээр сонирхолтой. Гол нь донорын ар гэрийнхэнтэй дутуу ойлголцсоноос л болж түүний энэхүү үйлдэл буруугаар эргэсэн. Эл хэрэг гарснаас хойш 430 гаруй хүнд донор олдохгүй амь тэмцэж байгааг УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар хэлж байв.

Түүний өмгөөлөгчийн зүгээс "П.Батчулуун эмчийн хэрэг нь Монгол Улсын шүүхийн практикт анхны тохиолдол. Тийм учраас Улсын дээд шүүхэд гомдол гаргана" хэмээн мэдэгдсэн юм. Харин мэргэжил нэгт эмч нарын зүгээс "П.Батчулуун эмч маань хүний амь аврахын тулд өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан заалтаараа ял сонсож байгаад харамсаж байна" гэсэн юм.

Донорын тухай хуульд өнгөрсөн 2022 онд өөрчлөлт оруулахдаа тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын 2 сая төгрөгийн зардал дээр нэмж, гурван сая төгрөг өгнө гэж заалт оруулжээ. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, хуульд тусгаж байжээ. Гэтэл тухайн донор болсон иргэн нийгмийн даатгал төлж байгаагүй учраас ар гэрт нь гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгох боломжгүй аж.

"Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийг дагуулан ийм журам гарсныг огт мэдээгүй. Анх ингэж л асуудал үүсч, олон нийтийн сүлжээгээр нүдүүлсэн" талаар УНТЭ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн хэлэв. 

"П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРЭГ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН ЭКСПЕРТ ТОМИЛОГДООГҮЙ"

 

УНТЭ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн: 

-Өнөөдөр П.Батчулуун эмчийн талаар хөндөж ярихгүй бол болохгүй. П.Батчулуун эмчийн бие тун муу, сэтгэл санаа маш хүнд байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр П.Батчулуун эмч ухаан алдаж унасан. Тухайн үед зүрх нь 16 минут зогссон. Сэхээн амьдруулах ажиллагаа хийсний хүчинд зүрх нь ажилласан. Ингээд зүрхний гол судсандаа тэлэгч тавиулсан. Хэрэг үүссэнээс хойш дахин нэг тэлэгч тавиулсан. Мөн чихрийн шижин өвчтэй. Зүрхний ажиллагаа 33 хувьтай байна. Ер нь зүрх нь хэзээ ч зогсоход бэлэн гэсэн оноштой байгаа. Биеийн байдал нь хүнд байгаа учраас сэтгэл санааны энэ их дарамт шахалтыг давж гарч ирж чадах болов уу гэсэн айдас байна. Эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж уучилж, өршөөдөг бол өршөөгөөсэй гэж хүсэж байна.

Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах иргэдийн жагсаалт гэж бий. Энэ хүлээх хуудаснаас тухайн донорын цусны бүлэгтэй таарах хүн, хамгийн хүнд хүн, хамгийн залуу болон хамгийн настай хүн хэн бэ гэдгийг нь дүгнэж, шийдвэрлэхийн тулд гурван хүн дууддаг. Тэр хүмүүсээс хамгийн илүү тохирч байгаа хүнээс шинжилгээ авч, 30 минутын дотор хагалгаа хийх эсэхээ шийддэг. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд хамгийн багадаа зургаан цаг шаарддаг. Жишээ нь, бөөр шилжүүлсэн суулгах мэс заслыг хийхэд 12 цаг шаардагддаг гээд ямар мэс засал хийхээс шалтгаална. Тийм учраас мэс заслаа цаг алдалгүй, яаралтай хийх ёстой. Их нарийн төвөгтэй, давчуу хугацаанд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг хагалгаа.

П.Батчулуун эмчийн хувьд ямар ч буруугүй. 2022 онд Донорын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тархины үхжилттэй донорын ар гэрт оршуулгын хоёр сая төгрөгийн олгоно. Нэмээд гурван сая төгрөг өгнө гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан хүн шүү дээ.

Юу болсон бэ гэвэл тархины үхжилттэй донор гарч ирсэн, тиймээс ар гэрээс нь зөвшөөрөл авсан юм. Ар гэрийнхэн нь гурван сая төгрөгийн тэтгэмжийг нь авахаар нийслэлийн Баянзүрх нийгмийн эрүүл мэндийн газарт очсон юм билээ.  Гэтэл тэндээс "Тухайн донор болсон иргэн нийгмийн даатгал төлж байгаагүй юм байна. Тиймээс гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгохгүй" гэх хариулт өгсөн юм байна лээ. Яг үнэндээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ийм журам гаргасныг огт мэдээгүй. Хуулиас давсан журмаас болж ар гэрийнхэн нь бухимдсан.

Анх ингэж л асуудал үүсэж, олон нийтийн сүлжээгээр нүдүүлсэн. Тэгээд П.Батчулуун эмч энэ журмыг өөрчилж, донорын ар гэрт нь гурван сая төгрөг олгосон. Нийгмийн даатгал төлсөн, төлөөгүйгээс хамаарахгүйгээр донорын ар гэрт гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгодог болсон. Манай Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаныхныг иргэд "Та нар дахиад хүний эд эрхтэн хулгайлах гэж байна уу" гэж хараадаг болсон. Ер нь нийгмийн сүлжээгээр ийм эмзэг асуудлыг ингэж өндөр хэмжээнд сэвж тавина гэдэг бол маш буруу. Үүний цаана маш олон хүний амь нас хохирч байгааг ойлгох хэрэгтэй.

П.Батчулуун эмчийн хэрэг дээр мэргэжлийн эксперт томилогдоогүй. Уг нь эмч нартай холбоотой хэрэгт мэргэжлийн экспертүүд томилдог. 

Мөн "П.Батчулуун эмчээр хагалгаа хийлгэж аврагдсан олон хүмүүс байгаа. Тэд түүний талд байгаа ч хуульдаа ил гарч зарлаж болдоггүй учир чимээгүй байгаа" хэмээсэн юм. 

"П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИКТ АНХНЫ ТОХИОЛДОЛ"

 

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:

-Социализмын үед ажиллаж байсан эмч ажилчдын сэтгэл зүй өнөөдрийн нийгэмд байхгүй болсон. Ажлын ачаалал маш их, цалин хөлс нь бага шүү дээ. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийн өмнө ийм асуудал үүсэж байгаа нь энэ хуулийг улам боловсронгуй болгоход анхаарах ёстойн илрэл байх.

П.Батчулуун эмчийн хэрэг нь Монгол Улсын шүүхийн практикт анхны тохиолдол. Тийм учраас Улсын дээд шүүхээс энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр үнэн зөв шийдсэн эсэхийг хянаж, буруу ойлгосон засаж залруулах үүднээс зайлшгүй авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр бид Улсын дээд шүүхийн шийдвэрийг итгэж, хүлээж байна.

Донорын тухай хууль 2002 онд анх батлагдаж, 2012, 2014, 2018 онд шинэчилсэн найруулгыг хийсэн. Уг хуулийн 30 хувьд өөрчлөлт оруулсан. Ингээд 2022 онд энэ хуулийн хоёрхон заалтыг өөрчилсөн. Энэ хаврын чуулганаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл өмнөх хуулийн зохицуулалтаар цусны донор, эрхтний донор нэг байсан бол үүнийг салгаж, өөр олон боломж нээгдэнэ гэж найдаж байна.

Улс орон болгон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжоос гадна тусгай эрх зүйн байдлыг сайжруулсан хуультай байдаг. Монгол Улсад харамсалтай нь Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль байхгүй. Гагцхүү Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, нийгмийн баталгаа гэсэн зохицуулалт бий. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалсан асуудлыг нарийн зохицуулсан бие даасан хуулийг боловсруулж, батлуулах шаардлагатай. Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар батлан ажиллаж байна.

Эцэстээ энэ бүхэн хэний төлөө вэ гэдгийг эргэж бодох л хэрэгтэй. Эрх мэдэл, эд хөрөнгө, ашиг хонжооны төлөө биш хүний эрүүл мэндийн төлөө хийсэн түүний эл үйлдэл эрүүл мэндийн салбарт хууль зүйн зохицуулалт хийх цаг нь болсоныг харуулж, салбарыг бүхэлд нь хөдөлгөв. 

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

15 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

8 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 градус дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 градус дулаан байна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Баавгай үхэр барьжээ

Баавгай үхэр барьжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.