0
Засгийн газрын өнөөдрийн (2025.03.26) ээлжити хуралдаан дууслаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, вальютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ээлжит тайлангаа танилцууллаа. 2025 оны гуравдугаар сарын 3-нд Ажлын хэсэг маань байгуулагдаад, хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Энэ хугацаанд вальютын нөөцийн асуудалд импорттой холбоотой, мөн экспорт буурсантай холбоотой сөрөг дарамтууд ирж байгаа. Үүнийг зөв оношлох, цаг алдалгүй зөв арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тал дээр ажиллалаа.
Өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд дээр өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Дүр зураг харилцан адилгүй байна.
Гашуунсухайт, Хангийн хувьд биржээс 100 хувь хамааралтай тул асуудал нь ижил. Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн. Татан авалт хийхгүй байгаа учраас биржийн нэмэлт арилжаа явахгүй байгаа. Мөн нүүрсний үнэ унасан тул импортолж байгаа тал алдагдалд орж, худалдаа хийхгүй байна. Дийлэнх нь биднээс шалтгаалаагүй асуудал.
Харин бидний хувьд төмөр замуудыг нь яаралтай ашиглалтад оруулах, өртгийг бууруулах асуудлаар талуудтай уулзаж, шийдвэр гаргалаа.
Тодруулбал, төмөр замын өртгийг 50 хувиар буулгаж чадлаа.
Гашуунсухайт боомтын хувьд мөн ижил. Цаад талдаа их хэмжээний овоолго үүссэн.
Шивээхүрэн боомтын дүр зураг арай өөр. Бидний тооцоолж байснаас амжилттай явагдаж байна. Шивээхүрэн-Сэхээ боомт дээр хил дамнасан бүтээн байгуулалт маш сайн хийгдсэн. Үүнийг мөн яаралтай ажилд оруулбал тээвэрлэлтээ 2-3 дахин нэмэгдүүлнэ. Одоо гарч байгаа 24-25 сая тонн нүүрс дор хаяж 50 сая болж ирнэ. Өөрөөр хэлбэл Гашуунсухайтаас дутахааргүй экспортын нөөц тэнд байна.
Шивээхүрэнг холбох асуудал Гашуунсухайттай харьцуулбал ялгаатай. Ердөө хоёр сарын дотор холбочихно. Тэгвэл 70 жилийн өмнө Замын-Үүдээр Эрээний боомт холбосноос хойш, анх удаа төмөр замаар хил холбосон бүтээн байгуулалт болно. Боомтуудын ажил ийм байна.
Валютын нөөцийг санхүүгийн зах зээл дээрх боломжуудыг ашиглаж, богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна.
Энэ нөөцөө дайчилж ажиллах чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, хэд хэдэн шийдвэрт хүрлээ. Засгийн газрын өмнө нь гаргасан бондуудын 700-800 сая ам.долларыг дотоодод эзэмшдэг. Үүнийг мөнгөжүүлэхээр шийдлээ. Хадгаламжийн даатгалын корпорацид байгаа 230 орчим сая, Төрийн банканд байгаа 50 орчим сая ам.долларыг мөнгөжүүлж, валютын нөөцөд авах шийдвэр гаргалаа.
Мөн Монголбанк алтанд зохицуулалт хийнэ. Хоёр долоо хоногийн дотор 300 орчим сая ам.долларыг оруулж ирэх боломж байна. Ингээд 530 орчим сая ам.доллараар валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Үүнээс гадна түүхий эдийн экспорт хариуцаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэс критикал минералс” зэрэг компанийг 500 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ дүнг тэрбум болгож өсгөлөө.
Мөн энэ жил шинээр хийгдэх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хойшлуулсан шийдвэр албажсан.
Нөгөө талд, Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх Үндэсний хороо ажилдаа ороод явж байгаа. Төсөв талаасаа хэмнэж болох асуудалд зохицуулалт хийе гэдэг арга хэмжээ ойрын хэмжээнд авагдаад явна.
Экспорт ба валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын ажлын хэсэг бол Мягмар гарагт үдээс өмнө хуралдана, үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана. Засгийн газрын хуралдаанаас өмнө хуралдаж долоо хоног бүр ажлаа тайлагнаад явах юм.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш бирж, гааль, боомтуудад үүрэг өгч шахаж ажиллаж байгаа. Нүүрсний хувьд 1.9 сая тонн нүүрс нэмж гаргасан. Энэ нь долоо хоногоор тасалж үзвэл, энэ жилийн эхнээс хамгийн өндөр үзүүлэлт.
Зэс 57 мянган тонн гарсан гэдэг мөн өндөр. Жонш ч мөн адил. Шинэ журам батлагдсанаар өнгөрсөн долоо хоногт ЭТТ ХК-иас 1.2 сая тоннын захиалгыг бирж рүү өгсөн. Энэ долоо хоногт арилжаа бирж дээр явж эхэлнэ. Ер нь зогсчихоод байсан зэс, төмрийн хүдэр, жоншны арилжаа явж эхэлсэн байгаа.
Шивээхүрэн боомт дээр долоон компани экспорт хийж байна. 100 хувь ГХО-тай “Саусгоби Сэндс” компани ноднин 866 мянган тонн /эхний 3 сард/ гаргасан. Одоо 1.8 сая тонныг гаргачихсан байна. Тэгэхээр хувийн компаниудын менежмент өөр байна. Хилийн цаана овоолоод байдаггүй, гүн рүүгээ татдаг давуу талтай байх жишээтэй” гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.