dobu.mndobu

Б.Алтантуяа: Сувилагч бол эмчийн туслах биш 

Б.Алтантуяа: Сувилагч бол эмчийн туслах биш 

Монгол улсад төдийгүй дэлхий дахинд сувилагчийн хүний нөөцийн хомсдол их байна. Олон улсад эмч сувилагчийн харьцаа 1:4-6 байдаг бол манай улсад 1:1,2, Улаанбаатар хотод 1:0,9 байгаа нь ажлын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан “Глобал удирдагч” их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Б.Алтантуяатай ярилцлаа. 


-Хаанаас ирж суралцаж байгаа вэ?
-Би Увс аймгаас ирсэн. 


-Увс аймагт сувилагчийн орон тоо хэр их байдаг вэ?
-Сувилагч дутмаг байдаг. Орон тоо их гардаг. Тийм болохоор төгсөөд аймагтаа очиж ажиллана гэж боддог. 


-Яагаад заавал сувилагч мэргэжлийг сонгосон юм бэ?
-Сувилагч хүнтэй илүү тулж харьцдаг болохоор эмнэлэг дээр явж байхдаа сувилагч нарыг хараад их бахархдаг байсан. Тэгээд л сувилахуйн мэргэжлийг сонгохоор шийдсэн. 


-Сувилагч мэргэжлийн талаарх анхны төсөөлөл нь суралцах явцад өөрчлөгдсөн үү?
-Анх төсөөлж байхад амархан юм шиг санагдаж байсан. Тэгээд өөрөө орж ирээд суралцаад эхлэхэд тийм амархан байгаагүй. Маш өндөр шаардлагатай мэргэжил байсан. Гэхдээ одоо сайн хичээж сураад сайн сувилагч болно гэж боддог. 


-Дадлагаа хаана хийж байв?
-Бид дадлагаа хийхдээ эмнэлэг дээр гардаг. Нэгдүгээр курстээ танилцах дадлага 14 хоног хийсэн. Харин хоёрдугаар курст уртын дадлага дөрөвдүгээр сарын сүүлээр хийнэ. Тэрийг бараг 21 хоног хийх байх. Нэгдүгээр курстээ танилцах дадлага хийгээд эмнэлгийн орчин нэг иймэрхүү юм байна гэдгийг өөрийнхөө нүдээр хараад мэдчихсэн болохоор одоо арай гайгүй байгаа. Бид хоёрдугаар курстээ ур чадварын хичээлүүдээ үзчихсэн. Тийм болохоор гайгүй гэж бодож байна. 


-Сувилагч мэргэжлийн хувьд цалин хөлс багатай гэдэг шүү дээ. Энэ дээр чи ямар бодолтой байдаг вэ?
-Цалин хөлсний талаар хүмүүсээс асуудаг. Төрийн албан хаагч нарын цалин бага байдаг болохоор тэр тал дээр юм боддоггүй.


-Багш нар нь ажил дээр гараад юуг илүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөдөг вэ?
-Сувилагч хүнтэй илүү тулж харьцдаг болохоор багш нар биднийг эмнэлэг дээр гараад маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж хэлдэг. Хамгийн гол нь хийж байгаа зүйлсээ өөрөө маш сайн мэддэг байх, эмнэлгийн үйлчлүүлэгч нарт сургалт олгох чадвартай байх хэрэгтэй гэж зөвлөдөг. 


-Хэрэв чи ирээдүйд мэргэжлээрээ ажиллавал юун дээр илүү анхаарах вэ?
-Сувилагчийн хийдэг гардан үйлдлүүд их байгаа. Тэр дээрээ илүү сайн алдаа дутагдалгүй ажиллах, эм тарианы нэрүүдээ сайн тогтоохыг л боддог. 


-Сувилагч мэргэжил бэлтгэдэг маш олон сургууль байдаг шүү дээ. Сургуулиа хэрхэн сонгож байв?
-Би хувийн сургуульд орохыг их бодож байсан. Тэгээд л судлаад явж байхад “Глобал удирдагч” их сургууль гарч ирсэн. Манай сургууль хэлээ сайн сурах юм бол гаднын орон луу явуулах боломжтой байдаг. Гэхдээ би яг орж ирээд энд сурснаас хойш гадагшаа явъя гэж бодохоо больсон. Эндээ мэргэжлээрээ дөрвөн жил сурч төгсчхөөд Монголдоо ажиллана гэж бодож байгаа. 


- Мэргэжлээ дээшлүүлж дахин суралцана гэж боддог уу? 
-Төгсчхөөд ажиллаж байх явцдаа мэргэжлээ дээшлүүлнэ гэж боддог. Гэхдээ ямар чиглэлээр дээшлүүлэхээ сайн мэдэхгүй байгаа. Мэдээж төгсөөд ажиллана. Тэгж байгаад л ямар мэргэжлээр мэргэжил дээшлүүлэхээ тодорхойлох байх. 


-Сувилагчийн мэргэжил бусад мэргэжлээс юугаараа илүү онцлог гэж боддог вэ? 
-Сувилагчийн мэргэжил ямар ч хүнийг илүү төлөвшүүлдэг гэж би боддог.

-Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа үеийнхэндээ хандаж урмын үг хэлээч?

-Нийгэмд байгаа нэг буруу ойлголт нь сувилагч бол эмчийн туслах юм гэдэг ойлголт яваад байгаа. Тийм биш шүү. Өөрөө сураад үзэх юм бол эмчлүүлэгчтэй тулж харьцдаг учир эмчийн туслах биш. Өөрөө юмаа гардаад хийх юм бол эмч, сувилагч ялгаагүй л ажилтан. Тийм болохоор сувилагч мэргэжлийг сонгосондоо битгий харамсаарай. Зорилго тавьж ирсэн бол түүндээ хүртлээ сайн сураарай л гэж хэлье. 

-Ярилцсанд баярлалаа.
 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.