0
Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо одоо л улс төр ус, тосоороо ялгарч байгааг бид харж сууна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хуурай ах” гэгддэг Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордыг гаднынханд 250 сая ам.доллараар зарсан гэх асуудал хүчтэй яригдаж байна. Яригдах юу байх вэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярьж байгаа.
14 хоногийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Бортээгийн ордыг надтай хамааралтай гээд байх юм. Бортээгийн ордыг хэн эзэмшдэг юм” хэмээн Эрдэнэс Таван толгойн захирал Х.Мөнхжаргалаас зориуд асууж, өнөөх нь “Эрдэнэс Таван толгойн мэдэлд байгаа” хэмээн товчхон хариулт өгсөн. Тэглээ гээд Бортээгийн орд МТАС түншлэл, Админералаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тийм ч амархан нэрээ цэвэрлээд авчихгүй юм. Харилцан хамаарлыг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний сонсголоор ил болгочихсон. Дээр нь нэмэгдээд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан ч 10 хувийн хувьцаа эзэмшдэг талаар ярьчихсан. Товчхондоо маш том бүлэглэлийн эрх ашгийн төлөөх тэмцэл тэнд өрнөж байна гэхэд болно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч долоо хоногоос эхлээд чуулганы танхимын индэр дээрээс Засгийн газарт хандсан ширүүхэн үг дайх болов. Засгийн газрын оруулж ирж байгаа бүх зүйлийг дэмжих боломжгүй гэх утгатай үг хэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тохиролцоон эхэлснийг харуулж байна хэмээн Төрийн ордонд бор шувуу нисэж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгож байгааг мэдэгдье” хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн.
Товчхондоо, ийм нөхцөл байдал үүсэхийг Д.Амарбаясгалан мэдэж байсан учраас Засгийн газарт бойкот үзүүлж байсан гэж харагдаад байгаа юм.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.