dobu.mndobu

АУДИТ: "Цемент шохой" ТӨХК өртэй ч нэмж мөнгө хуваарилж, ногдол ашгийн өр нь 17 ТЭРБУМД ХҮРЧЭЭ

АУДИТ: "Цемент шохой" ТӨХК өртэй ч нэмж мөнгө хуваарилж, ногдол ашгийн өр нь 17 ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Үндэсний аудитын газраас Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитаар хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. 

ЦЕМЕНТ ШОХОЙ ТӨХК ₮5 ТЭРБУМЫН ӨРТЭЙ ХЭРНЭЭ НОГДОЛ АШИГ ТАРААЖ, НОГДОЛ АШГИЙН НИЙТ ӨРИЙГ ₮17 ТЭРБУМД ХҮРГЭЖЭЭ

Цемент шохой ТӨХК 5 тэрбум 815 сая төгрөгийн ногдол ашгийн өртэй байжээ. Тиймээс тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэвч дөрөвдүгээр сарын 30-нд дахин хуралдан тогтоол гаргаж, 11 тэрбум 255 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараажээ. Ингээд тус компанийн ногдол ашгийн нийт өр 17 тэрбум 70 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 

Товчхондоо, компани нь ногдол ашгийн өртэй байхад нэмж их хэмжээний мөнгө хуваарилсан нь анхаарал татаж байгаа юм. 

ДОТООД АУДИТОР ТОМИЛСОН Ч АЖИЛЛУУЛАХГҮЙГЭЭР ЦАЛИНЖУУЛСААР ИРЖЭЭ

Тус компани ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторт сард 7 сая төгрөгийн цалин олгохоор гэрээлж, нийт 56 сая 744 мянган төгрөгөөр цалинжуулжээ. Гэвч тухайн ажилтан нь ажлын байрандаа ажиллаагүй, ажлын цагаа бүртгүүлээгүй, алсын зайнаас ажилласан аж.

Үүнээс харахад, тус компани дотроо аудитор томилсон ч ажиллуулахгүйгээр цалин олгоод байсан гэж үзэж болохоор байна.

Л.НАРАНБААТАРЫН ҮЕД АЖЛААС ХАЛАГДСАН НАЙМАН АЖИЛТАНД 282 САЯ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ

"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатар 2022 оны гуравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан билээ. Энэ хугацаанд тэрбээр ажилтнуудаа үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар тухайн хүмүүс нь шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдон ажиллаж эхэлжээ. Гэтэл найман хүнд ажлаас гэнэт халагдсан хэмээн 282 сая төгрөг олгосон аж. Энэ мөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх учиртай ч одоог хүртэл төлүүлээгүй байна. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.