0
Түгжрэл, утааны эх үүсвэр Улаанбаатар хот өнөөдөр бидний мэдэх хамгийн түгжрэлтэй, утаатай, төлөвлөлтгүй хотуудын нэг болсон нь хэн нэгний санаандгүй алдаа биш, харин удаан үргэлжилсэн бодлогын доройтол, эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй байдлын үр дүн юм. Түүх сөхвөл, Нийслэлийн улс төрийн эрхийг өнгөрсөн зуун жилийн ихэнх хугацаанд Монгол Ардын Нам (МАН) барьж ирсэн. Гэвч өнөөдрийн Улаанбаатарын зовлон болсон замын түгжрэл, агаарын бохирдол, газрын төлөвлөлтийн эмх замбараагүй байдал нь тэдний бодлогын уршиг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Өмнө хожид байгаагүй их төсвийн ихэнхийг богино хугацааны популист арга хэмжээнд зарцуулж, урт хугацааны стратеги, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг ор тас орхигдуулсан. Амлалтаас цаашгүй утаатай тэмцэх тухай олон жил ярьсан ч үе үеийн хотын удирдлагуудаас үр дүн төдийлөн харагдаагүй. Хямд нүүрс тараах, зуух тараах зэрэг түр зуурын арга хэмжээг “амжилт” болгон зарласан ч, хотын төвлөрлийг бууруулах, гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй орон сууцжуулах бодит реформыг зоригтой эхлүүлж чадаагүй.
Тэд хот төлөвлөлтийг “зэрлэг” хийсэн. Хотын зөв төлөвлөлт гэдэг ирээдүйг харсан алхам байх ёстой атал МАН-ын удирдсан үе үеийн Нийслэлийн удирдлага газар олголтыг авилга, ашиг сонирхлоор шийдэж, нийтийн эрх ашгийг үл ойшоон, эрүүл орчинд амьдрах иргэдийн үндсэн эрхийг уландаа гишгэсээр ирлээ. Үр дүнд нь сургууль, цэцэрлэггүй хорооллууд, автомашины зогсоолгүй байрнууд, хаашаа ч өргөтгөх аргагүй замууд бий болсон. Хариуцлагагүй удирдлага, “мартах” өвчин хотын амин асуудлуудыг намын амлалт болгож хэрэглээд, хэрэгжүүлэхдээ “мартах” явдал нийтлэг дүр зураг болжээ. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн боломжуудыг зөв удирдвал Улаанбаатар өнөөдөр Азидаа нэр хүндтэй хот байх бүрэн боломжтой байсан ч, харамсалтай нь намын бүлэглэлийн эрх ашиг иргэдийн амьдралаас дээгүүр тавигдсан.
Улаанбаатар хотын өнөөгийн эмгэнэл бол зөвхөн цаг хугацааны, эсвэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бус, харин МАН-ынхны бүтэлгүй бодлого, хариуцлагагүй удирдлагын шууд үр дагавар юм.
Үүний төлөө хэн нэгэн хариуцлага хүлээх цаг аль хэдийн ирсэн. Хэрэв бид хотын ирээдүйг аврахыг хүсэж байвал өнгөрсөн 100 жилийн алдаанаас суралцаж, бодлогын шинэчлэл хийхээс өөр замгүй юм.
Улаанбаатар хотоо утааны голомт болгочихсон тэд 100 жилийн ой тэмдэглэх ёс зүй байх ёсгүй. Хэрэв бид нийслэлээ аврахыг хүсэж байгаа бол улстөрчдийн шоу, цүнх баригчдын тоглоомноос ангид шинэ үеийн бодит удирдлагыг шаардах цаг нэгэнт болжээ. Улаанбаатарын сүйрэл бол хэн нэгний алдаа биш. Энэ бол санаатай бодлогын хор уршиг гэдгийг дахин онцолъё.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.