1
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүмжлэлээс зугтаж, төрийн соёлын босгыг давж чадсангүй. Учир нь тэрбээр өнгөрөгч Dаасан гарагт өөрийн удирдлагын чадавх, төрийн соёлыг ямар хэмжээнд ойлгодгийг илтгэх ноцтой алдаа гаргалаа. Ерөнхий сайдын хувьд УИХ-ын чуулганы индрээс сөрөг хүчний төлөөлөл, УИХ-ын гишүүн Ж.Баярмааг илтэд басамжилсан утгатай үг хэлэв. Түүний үгнээс үзэхэд, Ж.Баярмаа гишүүнийг өөрийн бие даасан байр суурьтай улстөрч биш, харин өөр хүний үгээр явдаг утсан хүүхэлдэй мэтээр дээрэнгүй харьцсан нь төрийн хүнд байх ёстой хамгийн энгийн харилцааны стандартыг алдагдууллаа.
Ингэснээр Ерөнхий сайдын дэмий үг улс төрийн уур амьсгалыг гал дүрэлзүүлэв. Өмнөх үеийн Ерөнхий сайд нар болох С.Баяр, С.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчид сөрөг хүчний дайралт, шүүмжлэлийг хүлээж авч, заримдаа хатуухан тэмцэл өрнүүлдэг байсан ч улс төрийн соёлын хүрээнд асуудлаа шийддэг байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн бодлогогүй үг нь зөвхөн Ж.Баярмаа гишүүнийг доромжилсон асуудал биш юм. Энэ бол сөрөг хүчнийг, УИХ-ын гишүүний хараат бус байдлыг, улмаар парламентын нэр хүндийг уландаа гишгэж буй үйлдэл гэж үзэх хүмүүс олон байна.
Ерөнхий сайдын бүдүүлэг үйлдлийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн дотор УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх шаардлага тавилаа. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэлэлцэж буй бүх хуулийн төсөл дээр завсарлага авахаа мэдэгдэв. Улс орны төрийн өндөр албан тушаалтан хүн сөрөг хүчний гишүүдтэй хэрхэн харьцах ёстой, ямар хэм хэмжээтэй байх ёстойг Монголын улс төрийн намууд дахин сануулах ёстой үйлдэл болсон талаар ярьцгааж байгаа юм.
Л.Оюун-Эрдэнийг залуу үеийн төлөөлөл хэмээн олон нийт итгэл хүлээлгэж байлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”, “14 мега төсөл”-үүдийн уриан дор реформ хийх хүсэл эрмэлзэлтэй улстөрчөөр тодорсон. Гэвч өчүүхэн шүүмжлэлд тэсэлгүй сөрөг хүчний гишүүнийг доромжлох хэмжээнд хүртэл увай алдах нь түүний жинхэнэ улстөрчийн боловсрол, төрийн хүний төлөвшил хангалтгүй байгааг ил тод харууллаа.
Төрийн эрх баригч хүн шүүмжлэлийг үл ойшоож болохгүй. Шүүмжлэл бол ардчиллын амьсгал. Харин шүүмжлэгчдийг доромжлох нь ардчиллын эсрэг босож буй эхний алхам гэж үзэхээс өөр арга алга. Засгийн газар, парламентын институцийг өөрсдийн эрх мэдлийн зэвсэг мэт ойлгож байгаа нь өнөөгийн улс төрийн гүн гүнзгий доройтлыг харуулсан гэж ойлгож болохоор байна.
Ямар ч эцэг хүн үрээ хамгаалдаг бол Ардчилсан намын эцэг Л.Гантөмөр таг дуугүй өнгөрөөв. Намынхаа “бээлийн чинээ” эмэгтэй гишүүнийг хамгаалан үг дуугарч, төрийн ёс суртахууныг шаардан хатуу мэдэгдэл хийхийн оронд хамтарсан Засгийн газрын “халуун хөнжил”-өө тэргүүнд нь тавив. Учир нь Л.Гантөмөр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөтөлсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжин, түүнтэй ил далд эвсэж байгаагаа хэдэнтээ харуулсан. Улмаар улстөрчийн алсын хараа, зарчим, үнэт зүйлээ орхиж, “Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд” хэмээх албан тушаалдаа уяатай нохой мэт үнэнч байхаа эс үйлдэхүйгээрээ мэдэгдэв.
Л.Гантөмөр өөрийн удирдаж буй намдаа бодит итгэл үнэмшил өгч чадсангүй. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн, эмэгтэй улстөрчийн нэр төрийг хамгаалах үүргээсээ зугтсан. Энэ бол зөвхөн нэг хүний тухай асуудал биш. Ардчилсан намын даргын үнэт зүйл, зарчим, тууштай байдал ямар хэмжээнд байгааг харуулсан үйл явдал боллоо.
Монголд өнөөдөр ардчилал сөхөрч байна. Төрийн өндөр албан тушаалтнууд шүүмжлэлээс зугтаж, хэвлэлийн эрх чөлөөнд халдах оролдлого нэмэгдэж байгаа энэ үед Ардчилсан намын дарга өөрөө ардчиллын зарчмыг хамгаалж тэмцэх ёстой. Харин Л.Гантөмөр зөвхөн өөрийнхөө улстөрийн ирээдүйд санаа зовж байгаагаа харуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн увайгүй үг, Л.Гантөмөрийн хүлцэнгүй байдал хоёр нийлж өнөөдрийн төрийн ёс суртахуунд цохилт өгч байна. Шүүмжлэл хүлээж авдаггүй Ерөнхий сайд. Эмэгтэй гишүүнээ хамгаалж чадахгүй намын дарга. Үг дуугарахаас айсан ардчиллын тугчид. Ардчиллыг хамгаална гэж амалсан Л.Гантөмөр өнөөдөр эрх баригчдад найр тавьсан намын удирдагч болон хувирч байна. Түүх үнэн бичигддэг. Энэ өдрийн дуугүй байдал Л.Гантөмөрийн улс төрийн алсын замд бараан толбо болон үлдэх нь гарцаагүй.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.