0
Үндэсний аудитын газраас Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитаар 25 тэрбум 748 сая 106 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Зөрчлүүдээс анзаарахад, төсвийн мөнгийг ямар ч баримтгүйгээр ажилчид руугаа шилжүүлдэг, хандив тусламжийн орлогыг Төрийн сангийн дансанд бус арилжааны банкны дансанд байршуулдаг, ашигладаггүй хэрнээ байгууллагын нэр дээр арилжааны банканд гурван ч данс бүртгэлтэй байгаа зэрэг нь анхаарал татаж байгаа юм.
Сануулахад, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Бригадын генерал Г.Ариунбуян 2020 долоодугаар сараас хойш ажиллаж буй билээ.
АЖИЛЧДАДАА ХУУЛЬ БУСААР ИЛҮҮ ЦАЛИН ОЛГОЖЭЭ
Аудитын тайланд дурдсанаар, Онцгой байдлын ерөнхий газар 2024 онд нэр бүхий 17 ажилтандаа нийт 7 сая 468 мянган төгрөгийн илүү цалин олгожээ.
ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ БОЛГОЖ 67 АЖИЛТАНД 7.5 САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОСОН ГЭХ БОЛОВЧ НОТЛОХ БАРИМТГҮЙ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн төсвийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод “Мэргэшил ба мэргэжил”, “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” зэрэг сургалтуудыг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд томилолтын зардал хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын 67 алба хаагчид нийт 7 сая 580 мянган төгрөг шилжүүлжээ. Ингэхдээ уг мөнгийг баримтгүйгээр олгосон нь анхаарал татаж байгаа юм.
ХАНДИВААР ОРЖ ИРСЭН 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЯНАЛТГҮЙГЭЭР ЗАРЦУУЛЖЭЭ
Онцгой байдлын ерөнхий газарт гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн хандив, тусламжаар 3 тэрбум 870 сая 236 мянган төгрөгийн орлого төвлөрчээ. Үүнээс 3 тэрбум 215 сая 899 мянган төгрөгийг тус газрын Төрийн сан дахь нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэлгүйгээр Хаан банкны дансанд байршуулан, түүнээсээ шууд зарцуулсан байна.
БАГАЖ ХЭРЭГСЭЛ АВАХ 77 САЯ ТӨГРӨГӨӨР ТАВИЛГА ХУДАЛДАН АВЧЭЭ
Мөнгөний зарцуулалтаа тайлагнахдаа нийт 2 тэрбум 393 сая 813 мянган төгрөгийн зарлагыг ангиллын зөрүүтэй тайлагнасан байна.
Тухайлбал,
-Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд зарцуулах мөнгөнөөс 2 тэрбум 109 сая 901 мянган төгрөгийг тээвэр шатахуун авахад,
-Дотоод томилолтын зардлаас 113 сая 280 мянган төгрөгийг гадаад томилолтод,
-Багаж хэрэгсэл, техникийн зардлаас 77 сая 115 мянган төгрөгийг тавилга, эд хогшил авахад,
-Хичээл үйлдвэрлэлийн зардлаас 93 сая 516 мянган төгрөгийг томилолт, шатахууны зардалд зарцуулсан байна.
20 ЖИЛИЙН ОЙГОО ₮396 САЯАР ТЭМДЭГЛЭЖ, БАЙГУУЛЛАГАД ХАМААРАЛГҮЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНД ₮178 САЯЫГ ЗАРЦУУЛСАН БАЙНА
2024 оны тавдугаар сард Онцгой байдлын Ерөнхий газрын 20 жилийн ой тохиосон. Ойн баярын арга хэмжээнд зориулан төсвөөс 396 сая 709 мянган төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ, баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ, баримтат кино, урлагийн наадам, ном хэвлүүлэх зэрэгт зарцуулсан аж.
Мөн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй тэмцээн зохион байгуулж, хоол, ус, шагнал гэх мэтэд төсвөөс 178 сая 648 мянган төгрөг зарцуулжээ.
Үндсэндээ, нийт 575 сая төгрөгийг төсвөөс үр ашиггүйгээр зарцуулсан байгаа юм.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-ГООС ₮27 ТЭРБУМЫГ АВСАН Ч МОД ТАРЬЖ ӨГСӨН ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Мөн “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд ОБЕГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мод тарьж өгөхөөр болж, 10 жилийн хугацаатай, 27 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ байгуулж, санхүүжилтээ авчээ. Гэвч хэрэгжилтийг нь дүгнээгүй, ажлаа ч хүлээлцээгүй байна.
18.9 САЯ ТӨГРӨГИЙН КОМПЬЮТЕР ТЕХНИКИЙГ ДУР МЭДЭН ТАРААЖЭЭ
Онцгой байдлын ерөнхий газарт техник хэрэгсэл, эд хогшилтой холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн байгаа юм.
Тухайлбал, Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-д 10 сая төгрөгийн үнэ бүхий гурван компьютерыг, Дотоод хэргийн их сургуульд 8.6 сая төгрөгийн үнэ бүхий хоёр компьютер, 2 принтерийг үнэгүй өгчээ.
ЗУДЫН ҮЕЭР 2.2 ТЭРБУМЫГ ШАТАХУУНД ЗАРЦУУЛСАН ГЭХ БОЛОВЧ ДАНСААР ДАМЖУУЛАЛГҮЙ ШУУД ЗАРЛАГАДСАН БАЙНА
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдад үүссэн цаг үеийн ажилд 2.2 тэрбум төгрөгийг шатахуунд зарцуулсан хэмээн тайлагнажээ. Гэвч бараа материалын дансаар дамжуулалгүйгээр шууд зардлаар тайлагнасан байна.
Мөн арилжааны банканд Онцгой байдлын ерөнхий газрын ашигладаггүй гурван ч данстай байгаа нь анхаарал татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.