0
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэн өдөр бүр Улаанбаатарт ирж, "Огцрох амархан" жагсаалд оролцож буй. Тэрбээр үүнийхээ шалтгааныг тайлбарлан цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, тэрбээр "Би Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэн байна. “Огцрох амархан” тайван жагсаалд оролцон, үзэл бодлоо илэрхийлж шүлэг уншсан бичлэг маань олон хүнд хүрчээ. Эмч хүн шүлэг зохиож чаддаг байх албагүй. Дуу дуулдаг, сагс сайн тоглож чаддаг байх ч албагүй. Эмч хүн харин өвчтөнөө л эмчилж чаддаг байх ёстой гэж би боддог. Тэгвэл “Эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байх”, “Огцрох амархан” жагсаал хоёр юугаараа холбогдон би тэнд очсон бэ гэдгээ тайлбарлая гэж бодлоо.
Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ бэлэглэсэн 1 тэрбум төгрөгийн үнэтэй машин ил болсон.
Нэгдүгээрт, ТҮЭМ 7-1 шатлалаар цалинждаг эмчийн хувьд энэ мөнгө бол 610 эмчийн нэг сарын цалинг тавих мөнгө бөгөөд нэг аймгийн эмнэлэг дунджаар 70 эмчийг ажиллуулдаг гэвэл бүтэн 9 аймгийн эмнэлгийн цалинг тавих мөнгө юм. Харин нэг эмч огт татвар, даатгал төлөхгүйгээр цалингаа хураана гэвэл 51 жил завсаргүй ажиллаж байж олох мөнгө билээ.
Өнөөдөр Монголд аль ч шатлалын ямар ч эмч тэр машиныг байтугай 20 сая төгрөгийн цүнх барьж чадахгүй. Эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байхын тулд /нэг удаа чадахын тулд биш, чадсаар байхын тулд шүү/ ядаж орлого нь амьдралд хүрэлцдэг, санхүүгийн өчүүхэн жижиг ч болов баталгаа хэрэгтэй. Ажлаас халшрах, сэтгэл гутралд орох, сэтгэлзүйн хувьд туйлдах зэрэг эмч нарт ихээхэн тохиолдож буй асуудал бол ажлын бүтээмжийг нь бодитоор үнэлж чадахгүй байгаатай холбоотой юм шүү дээ.
Хоёрдугаарт, “Эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байхын тулд” эмчилгээний техник технологийн асуудал байна. Төв АНЭ 2024 онд орон нутгийн эмнэлгүүдээс анх удаа “үргэлжлэн бөөр борлуулах эмчилгээний” аппараттай болсон. Энэ бол 120 сая төгрөгийн үнэтэй аппарат юм. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа шоктой, бөөрний цочмог дутагдалтай, мөн хүнд металл, архи, химийн бодисын хордлоготой өвчтөнд амин чухал нас баралтыг эрс бууруулдаг эмчилгээ билээ. Өнөөдөр ийм аппараттай дүүргийн эмнэлэг ч бараг байхгүй байх. Бид маш их хөөцөлдөж байж олж авсан юм шүү. Нэг удаа эмчилгээ хийхэд л 6 сая орчим төгрөгийн зарлага гарч байна билээ. Гэтэл эрчимт эмчилгээний тасагт хамгийн хүнд шалгуураар хэвтэж байгаа хүнд 5 сая орчим төгрөг л даатгалаас өгдөг. Үндсэндээ бид энэ эмчилгээг эмнэлгийнхээ бусад орлогоор хийдэг, алдагдалтай ажилладаг гэсэн үг. Тэрбум төгрөгөөр бид 8 эмнэлгийг тэр аппаратаар хангаж чадна. Олон олон хүний амь насыг аварч чадна. Ингэхээр би “эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байх” нөхцөлөөр хангагдаж чадахгүй байгаадаа бухимдан, тэр боломжоо хулгайлуулсан болохоор хорсон зэвүүцэн жагсаалд нэгдсэн юм шүү.
Нэмж хэлэхэд, хүмүүсийн бухимдал тэр хүрээд тэсэрсэн л болохоос “Огцрох амархан” жагсаалыг санаачлагчдын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах дахиад 7 шалтгаан бий шүү дээ” гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.