0
Ховд аймагт энэ сарын 17-ны өдөр “Чандмань уушир” ХХК-ийн баригдаж байсан барилгын өргөгч тасарснаар гурван хүн амиа алдаж, найман хүн эмнэлэгт хүргэгдсэн ноцтой осол гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.05.19/ ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Тавдугаар сарын 17-ны өдрийн 16:50 минутын орчим “Ховд аймгийн Жаргалант сумын нутаг “Буянт” багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн очиж хэргийн газарт ажиллаа.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаас гурван иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор гурван иргэний биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна. Үлдсэн таван иргэний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад эмчлэгдэж байгаа.
Цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбогдуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Тухайн хэргийн шалгалтын явцад тогтоогдож байгаа нөхцөл байдлаас хамаараад энэ хэрэгтээ холбогдуулаад холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах ажиллагаанууд хийгдэнэ. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна.
Тус компанид хөдөлмөр аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох албан тушаалтан ажиллаж байсан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.