dobu.mndobu

Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд түрүүч, байлдагчдын мэргэжлийн тэмцээн зохион байгуулагдана

Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд түрүүч, байлдагчдын мэргэжлийн тэмцээн зохион байгуулагдана

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой уламжлалт тэмцээн юм.

Тэмцээний зохион байгуулалт, явагдах журам, шүүлтийн талаарх нэгдсэн мэдээллийг өнөөдөр /2026.03.10/ ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий оролцогчдод танилцуулж, техникийн зөвлөлгөөний хурлыг зохион байгуулж, гараагаа сугалав.

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 30 гаруй нэгтгэл, анги байгууллагын 60 гаруй түрүүч, байлдагч оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Дотоодын цэргийн 810 дугаар ангиуд шинээр оролцохоор тамирчдаа бүртгүүлснээрээ онцлог юм.

Техникийн зөвлөгөөний төгсгөлд гараагаа сугалахад Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн түрүүч, байлдагч хагалж, төгсгөлийн гарааг Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн түрүүч, байлдагч гүйцэтгэхээр боллоо.

Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага, дрон гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүртээ шилдгүүдийг тодруулна.

Тухайлбал, онолын шалгалтыг цэргийн дүрэм, оюуны чадавхын түвшин, монгол бичиг, компьютер, эсээ бичлэг, англи хэлний анхан шат, жолооны тестээр үнэлэх бол биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг “Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын I цогцолбор дасгал, 24 кг гийр өргөх, 1000 мерт гүйлтээр дүгнэнэ. Үүний зэрэгцээ уламжлалт нисгэгчгүй нисэх хэрэгсэлтэй ажиллах чадварыг нь мөн сорино.


Тэмцээний эхний үе шат энэ сарын 12-ны өдөр ХЗЦК-ын байрлалд, хоёрдугаар үе шат Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалыг тус тус түшиглэн зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.