dobu.mndobu

Вьетнамтай хамтарч, тариалангийн бүс нутагт цагаан будааны сортуудыг туршина

Вьетнамтай хамтарч, тариалангийн бүс нутагт цагаан будааны сортуудыг туршина

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 19-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо боллоо. 

Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахлан явууллаа. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн юм. 

Монгол, Вьетнам хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болохоороо онцлог байлаа. 

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд харилцан хэрэгжсэн төрийн айлчлал нь Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны өнөө цагийн шинэ эхлэлийг тавьж, ирээдүйн 70 жилийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг талууд онцолж байсан юм. Дээд түвшний айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэрүүд: 

-Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулна.  

-Хоёр орны Гадаад харилцааны яам хоорондын хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцоно. 

-Монгол, Вьетнамын батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах, боловсрол, сургалтын хамтын ажиллагааг дэмжинэ. 

-Аюулгүй байдал, гэмт хэрэг болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргахаар тохирлоо. 

-Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах, Вьетнам Улсаас Монгол Улсад цагаан будаа экспортлохоор боллоо.

-Хоёр орны хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг батална. 

-Монгол, Вьетнамын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлнэ. 

-Монголын хөрсөнд тохирсон цагаан будааны сортуудыг тариалангийн бүс нутагт турших, тариалах бүс нутгийг тогтоох чиглэлд хамтарч ажиллана. 

-Хоёр орны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний нөхцөлийг тохиролцож, хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлнэ. 

-Вьетнам Улс Монголын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. 

-Шинжлэх ухаан, цахим технологи, инновац, мэдээллийн технологийн чиглэлээр аж үйлдвэрийн хувьсгалд дасан зохицохуйц мэдээллийн технологийн судалгаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ. 

-Монгол дахь Вьетнам судлал, Вьетнам дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, судлаачдын залуу хойч үеийг бэлдэх, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

-Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх сүлжээг судлахаар боллоо. 

-Монгол, Вьетнам хоёр орон соёлын өв, аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах, мэдээлэл туршлага солилцоно. 

-Талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 

-Хоёр орны багш, мэргэжилтэн, оюутан, залуучуудын солилцооны механизмыг бүрдүүлж, хоёр орны боловсролын тогтолцоо болон тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, цахим шилжилтийг хэрхэн нэвтрүүлж буй талаар харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв. 

-2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тохиров. 

Энэ удаагийн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан БНСВУ-ын Ханой хотноо амжилттай болж, 20 дугаар хуралдааныг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцлоо. 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.