0
Хэнтийн Бэрхээс гаралтай, Бэрс сургууль төгссөн, Дэлхийн зөнгийн зохицуулагч, галч хэмээн элдэв янзаар хэлүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ Монголыг улс төрд шинэ түүхийг бичив. 1990 оноос хойш хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар томилогдон ажилласан хүнээр нэрлэгдэв. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гэсэн ч эцэстээ их л эвгүй бууж байна. Уг нь ганц хүний асуудал яригдсан ч хүү, бэрээсээ болж огцорсон Ерөнхий сайд болохгүйн тулд тэр “Хамтарсан Засгийн газар”-аа золионд гарган урдаа барьж орсон. Үнэндээ хамтарсан Засгийн газарт ямар ч буруу байгаа юм.
“Яг үнэндээ Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ” гэдэг үгийг хамтарсан Засгийн газрынхан бодох ёстой. Л.Оюун-Эрдэнээсээ л болж хамтарсан Засгийн газар бутарсан. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс “тэг” зогсолт хийгээд байна.
Л.Оюун-Эрдэнэ байхгүй болохоор “тэг” зогсчихсон юм биш. Төрийн гацаа нь өөрөө Л.Оюун-Эрдэнэ болчихоод байгаа юм.
Монгол Ардын Нам өнөөдөр өөртөө шүүмжлэл өгөх чадамжгүй, зөвхөн “удирдагч гаргах” механизм болсон нь тод харагдаж байна. Нам доторх олон бүлэглэл Ерөнхий сайдын сэнтийг тойрон булаацалдаж, “нэг намын дарангуйлал” нэрийн дор төрийн хямрал үүсч буйг ард түмэн харж сууна. Намын Бага хурал хэд хэдэн удаа хойшлогдож, хэнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд МАН-ын фракцууд тохиролцоонд хүрч чадаагүй. Энэ бол улс орныг намын сонирхлоор золиосолж буй хамгийн тод жишээ. Иргэд тэвчиж байна. Гэхдээ тэсэж байгаа нь дуугүй байна гэсэн үг биш. Шуурхай шийдвэр гаргахгүй, олон нийтийн хүсэл, ёс зүйн хариуцлагыг бодолцохгүй бол дараагийн Ерөнхий сайд хэчнээн нэр хүндтэй байлаа ч улс төрийн энэхүү үлдэгдлийг цэвэрлэхэд асар хүндрэлтэй байх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.